2025-06-26 13:261min00

Нийслэл хотын 40 байршилд автомашины ил болон далд зогсоол барина

Screenshot 2025-06-26 132503

Нийслэлийн хэмжээнд авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд сүүлийн найман сар судалгаа хийж 90 байршилд их багтаамжийн зогсоол барих төлөвлөгөөг боловсруулж, эхний 40 байршилд ажлыг эхлүүлэхээр болсныг Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр мэдээлэв.

Тухайлбал Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, 10 дугаар хорооллын замын урд хэсэг нь том талбайтай хэдий ч эмх цэгцгүй автомашины зогсоолтой. Иймээс төлөвлөгдсөн зураг дээр бага зэргийн өөрчлөлт оруулж, явган хүний зам, дугуйн зам болон ногоон байгууламжийг нэмж төлөвлөснөөр “иж бүрэн гудамж” болгон тохижуулахаар болжээ.

10 дугаар хороолол орчим нь нийт таван хороог хамардаг бөгөөд 40-50 мянга гаруй оршин суугчтай байна. 1-2 километр орчим буюу зам дагуу 370 автомашины ил зогсоол барих юм байна.

Тус дүүргийн 15 дугаар хороо, “Билэг” их дэлгүүр орчимд 2,644 ам.метр талбай 2003 оноос хойш ашиглагдаагүй бөгөөд тухайн байршилд дээрээ ногоон байгууламжтай, далд зогсоол хийх талаар хорооны иргэдээс санал, хүсэлт гаргажээ.

Хотын ерөнхий архитекторын хэлснээр хувийн хэвшлийн компаниуд нийтийн эзэмшил газарт хаалт хийж, төлбөртэй зогсоол байдлаар ашиглаж байгаа зөрчлүүдийг арилгуулж, орлогын 40 хувийг Авто замын санд тушаах гэрээ хийх юм байна.