П.И.Чайковский “Хунт нуур” Монголын тайзнаа мэндэлсний 50 жилийн ой тохиож байна

“Хунт нуур” яагаад балетын ноён оргил вэ
Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский амьдралдаа гуравхан балет бичсэн байдаг нь “Щелкунчик”, “Нойрссон гүнж”, Хунт нуур” балетууд юм. Түүний балетууд дотроос хамгийн алдартай нь “Хунт нуур” бөгөөд дэлхийн сонгодог балетын оргил нь гэж үздэг. Учир нь тус балетад бүжиглэсэн бүжигчид бол академизм буюу сонгодог арга барилтай жинхэнэ балетын жүжигчин болж чаддаг аж.
П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг анх 1877 оны гуравдугаар сарын 7-нд Их театрт тоглож байжээ. Тус бүтээлийг П.И.Чайковский нь анх өөрийн үеэл Давидын хүүхдүүдэд зориулан “Озера лебедей” гэсэн нэртэй нэг үзэгдэлтэйгээр бүтээж байжээ. Гэвч тус бүтээл нь хүүхдүүдийн төдийгүй сонгодог урлагийн үзэгчдийн ташаал, хүндлэлийг хүлээсэн алдартай бүтээл болж хөгжсөн юм.
“Хунт нуур”-ыг 203 дахь удаагаа толилуулна
“Хунт нуур” балет Монголын тайзнаа мэндэлсний 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд тус балетыг 2025 оны зургаадугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд толилуулна. Зургаадугаар сарын 26, 27-ны пүрэв, баасан гарагт ОХУ-ын Буриадын театрын уран бүтээлчид Буриадын театрын тавилтаар, 28-ны өдрийн 17.00 цагт өөрийн театрын тавилтаар 203 дахь удаагаа тоглох гэж байна. ОХУ-ын Буриадын театрын еренхий балетмейстр ОХУ-ын гавьяат жүжигчин Дамбаев Баярто, балетын гоцлооч Ямада Харука, Ванданов Эльдар, Богданова Александра, Болтанов Алдар зэрэг 60 уран бүтээлч толилуулах гэж байна. Уран бүтээлчид Монгол Улсад хэдийнэ ирж тоглолтын бэлтгэлдээ гараад байна.
1975 оны зургаадугаар сарын 28-нд мэндэлжээП.И.Чайковский “Хунт нуур” балет нь манай дуурийн театрын тайзнаа 1975 оны зургаадугаар сарын 28-ны өдөр балетмейстер Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Жамъяндагвын дэгдэлт, Ж.Чулууны удирдлагаар тоглогдож, тайзны ерөнхий зураачаар ардын зураач Ч.Гунгаасүх ажиллаж байсан. Тус балетын гол дүрүүдэд УДБЭТ-ын үе, үеийн балетын гоцлол бүжигчид тоглож байжээ. 50 жилийн өмнө удаа УДБЭТ-ын тайзнаа тоглогдож байсан. “Хунт нуур” балетын гол дүрүүдэд Одетта, Одиллияд Зууны манай балетын жүжигчин, ардын жүжигчин Ю.Оюун, Зигфридэд гавьяат жүжигчин Э.Оюунбат, Ротбартад гавьяат жүжигчин Н.Баатар, Алиа салбадайд ардын жүжигчин Х.Ганбаатар нар тоглож байжээ.”Хунт нуур” балетыг симфони оркесторгүйгээр төсөөлөхийн арггүй. Учир нь хөгжим тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудийн уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг хөгжмийн дээд хэлээр илэрхийлсэн байдгаараа онцлог юм. Тэгвэл тус балетыг амилуулдаг гол зүйл бол гоцлол хөгжмийн номер байдаг. Тэгвэл анхны хөгжмийн гоцлолууд болох хийлийг гавьяат жүжигчин Л.Аюуш, виолончелийг Ж.Жиняаз, трубаг Ч.Наранхүү, арфыг Бү.Чинбат, гобойг Н.Даваадорж, кларнетыг Г.Гомбосүрэн, флейтийш Н.Даржаа, фаготыг Л.Мягмарсүрэн, В Волторныг гавьяат жүжигчин Б.Батчулуун нар тоглосон байна.
Тус балетын 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд балетын анхны болон 50 жилийн турш гоцлон бүжиглэсэн гоцлол бүжигчид, хөгжимчид болон уран бүтээлийн удирдлагуудыг урьж хүндэтгэл үзүүлэх юм.
“ХУНТ НУУР” БАЛЕТЫН ЛИБРЕТТО
Нэгдүгээр бүлэг
Нэгдүгээр үзэгдэл
Шилтгээний ойролцоох цэцэрлэгт ханхүү Зигфридийн насанд хүрсний баярыг тэмдэглэхээр үеийн нөхөд нь цугларчээ. Ханхүүд баяр хүргэхээр нутгийн хүүхнүүд ч ирнэ. Үнэнч нөхөр Алиа салбадай үсрэн дүүлж, зочдыг баясгана. Ханхүүгийн хүмүүжүүлэгч өвгөн Вольфганг жавхаалаг агаад хөгжилтэй. Хайрт хүүгийнхээ насанд хүрсний найранд оролцохоор хатан ээж ч ирнэ. Авхайг хүндэлсэн залуус хөгжилтэй бүжгээ хийж, Алиа салбадай ч эргэн үсрэн, инээлгэн баясгана. Орой болж хатан авхай явахдаа хүүдээ маргааш найран дээр амраг ханиа сонгож авахыг сануулна. Зигфрид бодолд орно. Хэнд ч дурлаж үзээгүй ханхүү ийнхүү уйтгарласан биз ээ. Огторгуйд хунгийн сүрэг ниснэ. Угийн анд дуртай Зигфрид буугаа авч хоёр найзын хамт явцгаана.
Хоёрдугаар үзэгдэл
Сартай шөнө эзгүй хээр тал, алс тэртээд нуурын ус цэлэлзэн аймшигт хадан хавцал ёрдойн харагдана. Сүрэг хун нууранд хөвж явна. Хамгийн сүүлд толгой дээрээ титэмт хун хөвөх нь Ротбартын ид шидэнд автсан Одетта байлаа. Ханхүү Зигфрид хоёр найзын хамт титэмт хунг буудахаар завдсан боловч амжсангүй. Зигфрид ганцаар үлдэж хунг сахихаар шийднэ. Гэнэт хадан хавцал гэрэлтэн, титэмт хун залуу бүсгүй болон гарч ирээд уйтгартайяа бүжиглэнэ. Бүсгүйн гоо үзэсгэлэнд сэтгэл нь эзэмдэгдсэн Зигфрид үсрэн гарч хүүхний замыг хаан зогсоно. Ханхүү айж сандарсан бүсүйг тайвшруулж, түүнд ямар нэг хор хүргэхгүйгээ батална. Одетта өөрийн гунигт түүхээ ярина. Одетта ба түүний хүрээлэн буй хүүхнүүд нь хорон санаат Ротбартын илбэнд өртөгдөн хохирогсод байлаа. Өдөр нь бүгд хун шувуу болж, зөвхөн шөнийн цагаар хадан хясааны дэргэд хүүхнүүд болон хувирдаг хувь тавилантай байжээ. Бүх насаараа хэн нэгэн хүн Одеттад дурлах хүртэл энэ явдал үргэлжлэх ёстой байлаа. Харин тэр хүн өөр хэнд ч дурлаагүй байх ёстой. Гэтэл хадан хясаа гэрэлтэн шидэт хар шувуу Отеттаг Зигфридээс салган авч олон хүүхнийг илбэдэн гаргана. Ханхүү тэдний дунд Одеттыгаа эрж хайвч олсонгүй. Энэ үед Одетта дахин гарч ирэх нь үнэхээр үзэсгэлэнтэй. Зигфрид, Одетта хоёр харилцан бие, биедээ үнэнч хайр сэтгэлээ илчилцгээнэ. Үүр хаяарч Одетта өөрийн дурлалт хүнтэйгээ салах ёс гүйцэтгэн найз хүүхнүүдийнхээ хамт хадан хавцал руу далд орно. Арга нь барагдсан Зигфрид нуурын хөвөөнд уйтгарлан хоцорно.
Хоёрдугаар бүлэг
Гуравдугаар үзэгдэл
Шилтгээнд найр болж байна. Ханхүү Зигфрид хатан ээжийн хамт зочдыг хүлээн авч байна. Польш, Неаполь зэрэг олон орны зочид дараа дараалан ирж тус тусын бүжгээ хийцгээн, аав ээж нар нь охидуудаа танилцуулна. Тэнд хүрэлцэн ирсэн хүүхнүүдийн нэг нь ч Зигфридийн зүрх сэтгэлийг хөдөлгөж чадсангүй. Түүнд ганцхан Одетта л бодогдоно. Бүрээ дуугарч шинэ зочид ирж байгааг мэдэгдэнэ. Хорон санаат Ротбарт Испанийн цэргийн жанжин болон хувирч өөрийн охин Оделлия болон Испани хүүхнүүдийг дагуулан ирнэ. Ротбарт испани хүүхнүүдээр Зигфридийн сэтгэлийг татах гэсэн боловч чадсангүй. Ротбарт өөрийн охин Оделлияг бүжиглүүлнэ. Оделлия, Одеттатай үнэхээр адилхан болон хувирч чадсан тул Зигфрид хайрт бүсгүйгээ гэж эндүүрэн түүнд үнэнч хайрын сэтгэлтэйгээ тангараглана. Ротбарт яаравчлан тэр хоёрыг адислахыг завдтал гэнэт цонх гэрэлтэн бүхний анхаарлыг татна. Хорон санаат Ротбартын арганд хайрт хүнээ орчих вий хэмээн Одетта нисэн ирсэн нь тэр ажээ. Зигфрид мэхлэгдсэнээ сая ойлгож, Одеттагаас уучлалт гуйн аз жаргалынхаа төлөө тэмцэхээр нуурын зүг гүйнэ.
Гуравдугаар бүлэг
Дөрөвдүгээр үзэгдэл
Зэлүүд хээр тал. Шөнө хүүхнүүд болон хувирсан хунгууд Одеттаг сэтгэл зовон хүлээнэ. Ашгүй Одетта ч ирнэ. Тэрээр Зигфрид өөр хүнд хайртай болсныг ярьж, үхэхээс өөр замгүй болсноо гуниглан өгүүлэхэд хүүхнүүд, найз бүсгүйгээ тайтгаруулахыг оролдоно. Гэтэл шидэт Ротбарт бүх хунг хадан хавцалд оруулахаар хөөхөд амжиж ирсэн Зигфрид, Одеттыг хүчлэн барьж үлдээнэ. Ханхүү өөрийн эрхгүй хийсэн бүх буруугаа хүлээн, уучлал гуйсан боловч Одеттын сэтгэл эргэшгүй байна. Ротбарт Зигфридийг усанд живүүлэн алахаар нуурын усыг үерлүүлнэ. Ханхүү давалгаатай тэмцэлдэн хүч нь барагдах мөчид үнэнч Одетта хадан хясаанаас үсрэн Зигфридийн гар дээр унана. Хагацашгүй дурлалын эрчинд үерийн ус намдаж, өштөн дайсан дарагдан амраг хос жаргалын замдаа ороход хорвоо ертөнц тэр аяараа баяр хүргэх мэт наран мишээн мандана.