“Төр ногоон бүс гэж зарласан байршлуудаа эрчим хүчээр хангах үүрэгтэй”

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцтай ярилцлаа.
-УИХ-ын гишүүний тангаргаа өргөөд бараг л жил болох гэж байна. Энэ нэг жилийн хугацаанд иргэдээ төлөөлөх, хууль тогтоох үйл ажиллагаандаа хэр идэвх санаачилгатай ажилласан бэ. УИХ-ын гишүүн болоод одоо хийж хэрэгжүүлнэ гэсэн зорилт төлөвлөгөө өнөөдөр хэр биеллээ олов?
-УИХ-ын гишүүний тангараг өргөдөө тун удахгүй нэг жил болох гэж байна. Цаг хугацаа хурдан өнгөрч байна. Яагаад хурдан өнгөрч байгаа вэ гэдгийг эргээд бодохоор завгүй, ачаалалтай ажилласан юм болов уу гэж бодож байна. Тэгэхдээ ачаалалтай ажилласан гэхээсээ илүүтэй ямар үр дүнд хүрч чадсан бэ гэдэг талаар ярья. Өнгөрсөн хугацаанд хоёр ажлын хэсгийг ахалж ажилласан. Нэгдүгээрт, ногоон санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох ажлын хэсэгт орж ажиллалаа. Өнөөдрийг хүртэл түлш зэрэг шатдаг зүйлд зарцуулж ирсэн улсын төсвийн үргүй зардлыг байшин гэрээ дулаалаад агаарын бохирдлыг бууруулъя гэсэн тогтоолын төслийн ажлын хэсгийг нь ахалж ажиллаад УИХ-ын нэгдсэн чуулганаар батлуулж, бодитоор хэрэгжихээр боллоо.
Энэ ажлын хүрээнд “Дулаан баатар” аяныг эхлүүлсэн. Энэ аян ямар нэгэн байдлаар улс төрийн зорилгоор ч юм уу, сонгууль угтаж, сонгуульд зориулж санаачилсан ажил ерөөсөө биш. Ногоон санхүүжилтийн тогтолцоо ямар боломжийг иргэдэд бий болгож байгаа вэ гэдгийг олон нийтэд таниулах, улмаар цаашид бид ямар байдлаар утаанаасаа салах боломжтой вэ, байшин гэрээ яаж зөв дулаалах юм бэ гэдэг байдлаар ААН-үүд, мэргэжлийн холбоодууд, мөн сайн дурын залуучуудын оролцоотой боловсруулсан мэдээлэл, контент, шийдлүүдийг түгээх зорилготой. Гуравдугаарт, иргэдийн оролцоо хамгийн чухал. Төр дангаараа агаарын бохирдлыг шийдэх боломжгүй.
Тиймээс иргэд өвөл болохоос урьтаж өөрсдөө байшин гэрээ дулаалах аянд УИХ-ын гишүүд нам харгалзахгүй нэгдэж, дэмжин ажиллаж байна. Байгаль орчны яамнаас ногоон зээлийн хөнгөлөлт олгож ирсэн. Харамсалтай нь тухайн зээлийг яг ногоон хөгжлийг дэмжсэн гэхээс илүүтэй цахилгаан машины зээл гэх мэтээр Монгол Улсын ногоон хөгжилд төдийлөн ач холбогдолтой бус зүйлд зарцуулж ирсэн. Зээлийн хэмжээ хангалттай их байгаагүй. Тухайлбал, өнгөрсөн жил 1,5 тэрбум төгрөгөөр хүүгийн хөнгөлөлтийг олгосон байна. Гэтэл “Тавантолгой түлш” компани дээр сүүлийн 5-6 жил, жил бүр 1,5 их наяд төгрөгийг нүүрс үйлдвэрлэх татаасанд өгөөд шатаагаад дуусгачихсан байна. Тэгэхээр цаашдаа энэ зардлаа ногоон зээлийн хөнгөлөлт рүү нь шилжүүлье .Байшин, гэрээ стандартын дагуу дулаалсан айл өрхүүдэд 6 хувийн хүүтэй зээл олгох юм. Өөрөөр хэлбэл түүхий нүүрснээс татгалзаж гэр, байшингаа дулаасан иргэд ипотекийн зээлтэй ижил хүүтэй зээл авах боломжтой болно. Хоёрдугаарт, энэ төрлийн хөрөнгө оруулалт хийсэн иргэдийн татварын буцаан олголтыг нэмэгдүүлнэ. Өнөөдрийг хүртэл адилхан орон сууц л худалдаж авсан тохиолдолд 6 сая төгрөг буцааж авдаг. Тэгвэл байшин, гэрээ стандартын дагуу дулаалах юм бол мөн адил ХХОАТ-аасаа төлсөн дүнгээ буцаагаад авах боломжийг бүрдүүлсэн.
-Иргэн Бат таван ханатай гэрээ таны хэлж байгаа стандартын дагуу дулаалах бол ойролцоогоор хэдэн төгрөг зарцуулах талаар тооцоо судалгаа юу байна вэ. Төр хийх ажилгүй болчхоод айл өрхүүдийн байшин, гэрийг дулаалж өгөх гэж байна гэсэн шүүмжлэл байна шүү дээ?
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд НҮБ болон холбогдох ТББ-аас 13 аймаг 3 дүүргийн 4300 өрхийн гэрийг дулаалсан. Мөн цахилгаан халаагуурт шилжүүлсэн бодит туршлага, зөв шийдэл байна. Бодитоор хэрэгжүүлээд үр дүн гарсан ажлыг илүү өргөжүүлээд ажиллахыг зорьж байна. Ойролцоогоор 2-3 сая төгрөгөөр таван ханатай гэрийн дулаалга болон цахилгаан халаагуурыг нь шийдээд гэртээ тав тухтай амьдрах, дээрээс нь утаа гаргадаггүй эко сууцтай болно гэсэн шийдэл байна. Хоёрдугаарт, байшингийн хувьд 7-9 сая төгрөгийн зардал гаргахаар тооцоо бий. Ойролцоогоор 30м2 байшин байх юм бол 7 сая орчим төгрөг болж байна.
Өмнө нь хэлсэнчлэн татварын буцаан буцаан олголтод хамрагдах боломжийг бүрдүүлсэн учраас гарах зардлуудынхаа тодорхой хувийг нь буцаагаад авах боломжтой учраас зээлийн шалгуур нь бас хөнгөвчлөгдөнө. Иргэд ногоон зээлд хамрагдах боломж нь бас дээшилж байгаа гэсэн үг. Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд энэ санаачилга бол төрөөс айл өрхүүдийн орон сууцыг үнэгүй дулаалж өгч байгаа зүйл огтхон ч биш. Харин иргэдээ тав тухтай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэх, агаарын бохирдлоос хамтын шийдлээр салах бодлого юм. Гэрээ стандартын дагуу дулаалсан айл өрхүүд сард 25- 30 мянган төгрөг, байшингийн хувьд хэмжээнээсээ хамаараад 150-250 төгрөгийн зээл төлөх тооцоо бий. Нэг айл жилд дунджаар 550-600 мянган төгрөг түлшиндээ зарцуулдаг бол түүнээс ч хямд өртгөөр гэр, байшингаа дулаалснаар айл өрхүүдийн амьжиргааны түвшин сайжрах гэх мэтээр нийгмийн давхар үр нөлөө ч үзүүлнэ.
-Гэр, байшингаа стандартын дагуу дулаалснаар агаарын бохирдол буурч, иргэдийн амьдрах орчин сайжирна гэж тооцсон юм байна. Тэгвэл эрчим хүчний эх үүсвэрээ хангалттай хэмжээнд шийдэж чадсан байгаа юу. Нийслэл Улаанбаатар хотын хувьд өвлийн ид оргил ачааллыг цахилгаан, дулааны хязгаарлалтад орохгүйгээр туулах асуудал толгойны өвчин болсон шүү дээ?
-Энэ тогтоолын төслөө боловсруулахдаа бүх тооцоог нь гаргаж үзсэн. Санхүүгийн болон эрчим хүчний мөн дээрээс нь нэмээд агаарын бохирдол хэдэн хувиар буурах боломжтой вэ гэх мэт. Эрчим хүчний тал дээр өнгөрсөн жил ашиглалтад орсон Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар багц буюу 150мвт-ыг ашиглалтад орно гэж тооцсон. Мөн Баянгийн цахилгаан станцын 300мвт-ыг ашиглалтад орохоор тооцсон. Тиймээс эрчим хүчний эх үүсвэрийн хувьд асуудал шийдэгдсэн. Өөр нэг шийдэх ёстой зүйл байгаа нь дулаан цахилгааны шугам сүлжээн дээрээ дэд станцууд анхаарах ёстой. Энэ жил 8 дүүрэгт 400-500 орчим дэд бүтцийн шинэчлэх ажил хийнэ гэсэн мэдээллийг Эрчим хүчний сайд Аж үйлдвэржилтийн байнгын хороон дээр өгсөн. Энэ ажлуудыг хаана, ямар байршилд хийж байгаа гэдэг мэдээллээ тодорхой болгож Нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж, олон нийтэд мэдээллээ өгөх ёстой. Нийслэл Улаанбаатар хот утаагүй бүс буюу ногоон бүс байгуулахаа зарласан. Ногоон бүс байгуулах ажил Эрчим хүчний яамны хэрэгжүүлэх гэж байгаа техникийн шинэчлэлийн ажлуудтай, уялдаж явах ёстой. Төрөөс ногоон бүс гэж зарласан байршлуудаа тогтвортой эрчим хүчээр хангах ёстой. Ийм үүрэг давхар хүлээх ёстой. Тиймээс цаашдаа салбар яамдууд болон нийслэлийн зүгээс хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг шахаж, үүрэгжүүлээд явна.
-Засгийн газрын шинэ тэргүүний хувьд тун удахгүй бас 2025 оны төсөвт тодотгол оруулахаа мэдэгдээд байна. Тэгэхээр энэ удаагийн тодотгол бол УИХ-ын гишүүд тангаргаа өргөснөөс хойших нэг жилийн хугацаанд дөрөв дэх удаагаа төсөв хэлэлцэх үйл явц болж байна. Танд ямар сэтгэгдэл төрж байна?
–Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалаад Монгол Улсын экспортын орлогод жин дардаг нүүрсний үнэ төсөөлсөн хэмжээнээсээ 50 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хэдийгээр зэс болон алтны үнэ тодорхой хувиар өссөн үзүүлэлттэй байгаа боловч төсвийн болоод татварын орлого он гарсаар эхний зургаан сарын дотор буюу хагас жилийн урьдчилсан үзүүлэлтээр 1,5 тэрбум ам.доллароор буурсан үзүүлэлттэй байна. Нэгэнт орлого тасарч байгаа бол тэр хэрээр зарлагаа танах, хэмнэлт хийх учиртай. Хэдийгээр нэг жилийн хугацаанд дөрвөн ч удаа төсөв хэлэлцэх гэж байгаа нь үнэн боловч үүссэн нөхцөл байдалтайгаа уялдуулаад цаг алдалгүй арга хэмжээ авах нь зөв. Шинээр байгуулагдсан Засгийн газраас төрийн данхар бүтцийг цомхотгож, давхардсан чиг үүрэгтэй үндэсний хороодуудыг 50 хувиар цөөлөх, ялангуяа яам, тамгын газруудын дарга нарын орон тоог цөөлнө гэх мэтээр бодитой шийдвэрүүдийг гаргаж байгаа учраас үүнтэйгээ уялдсан төсвийн тодотголыг хийх нь зөв гэж бодож байна.
-Монгол Улсын 2025 оны төсвийг анх хэлэлцэж байх зарим УИХ-ын гишүүд хэт өөдрөг төсөв болж байгаа талаар анхааруулж хэлж байсан. Гэтэл тэр анхааруулгыг үл тоомсорлож төсвөө данхар баталсан. Эргээд тодотгох асуудал ярих нь цаг хугацаа алдсан асуудал биш үү?
-Олон улсын жишгээр бид нар дунд хугацаагаар төсвөө төлөвлөх ёстой. Гэтэл бид жил жилээр нь л төсвөө төлөвлөдөг. Үүнээс болоод томоохон хэмжээний дэд бүтцийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй байдаг. Тэгэхээр гурван жилээр төсвийн хүрээ биш дунд хугацааны төсөв гэдэг зүйлийг батлах юм бол орлого, зарлага илүү бодитой болж, дахин шинэчлэлт хийх шаардлагагүй болох байх. Яг үнэнийг хэлэхэд Монгол Улсын төсвийн хүрээ нь төсвөө дагаж явдаг буруу жишиг тогтчихоод байна.
Уг нь төсвийн хүрээн дотроо багтааж төсвөө боловсруулах ёстой байтал, төсвөө боловсруулчхаад дараа нь төсвийн хүрээгээ боловсруулдаг тогтолцооны алдаатай бодлого хэрэгжиж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд Сангийн сайдаар Б.Жавхлан гишүүн ажиллалаа.УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дээр “Төр хэзээ дунд хугацаагаар төсвийн хүрээгээ төсөвлөдөг болох вэ” гэсэн асуултад “Энэ тогтолцоо руу шилжих бэлтгэл ажлыг хийж байгаа” гэсэн боловч одоогийн байдлаар өргөн барьсан хуулийн төсөл алга байна. Энэ ажлыг нь яаравчлах ёстой. Тогтолцооны том өөрчлөлтийг зөв тийш нь чиглүүлээд явах ёстой.
-Засгийн газраас хэмнэлтийн тодотгол төсөвт хийхээ мэдэгдсэн.Бодит хэмнэлт хийхийн тулд бид одоо юун дээр бас анхаарах ёстой гэж та харж байна?
-Бодит хэмнэлт гэхээсээ илүүтэйгээр бодитой үр дүнд хүрч байгаа юу, үгүй юү гэдэг дээр илүү анхаарах ёстой гэж бодож байна. Ялангуяа хөгжиж байгаа Монгол Улсын хувьд төсвийн зарцуулж байгаа төгрөг бүр нь үр дүнд хүрч байх ёстой. Тэгэхлээр хөгжлийн төлөвлөгөө болон төсвийн бичиг баримтын шалгуур үзүүлэлтүүдийг зөв болгох ёстой. Төрийн албан хаагчдын тоо цөөхөн эсвэл их байх нь чухал биш. Төрийн албан хаагчид үр дүнтэй, чадавхтай, бүтээмжтэй ажиллаж чадаж байх нь илүү чухал. Гол нь эдийн засгийн хөгжил, хүний хөгжил, өвчлөлийн тоо багасах, 15 настай хүүхдүүдийн боловсролын түвшин олон улстай харьцуулахад сайжирч байна уу үгүй юү гэх мэт зүйлсийг хэмжих шалгуур үзүүлэлтүүдээ сайжруулж чадаж байгаа юу үгүй юү гэдэг дээр нь илүү ач холбогдол өгөөд явах ёстой.
Төрөөс хэрэгжүүлж байгаа зөв арга хэмжээ, төслүүд бий. Нөгөө талдаа төрийн үргүй зардал байгаа нь ч үнэн. Сүүлийн таваг жил үр ашиггүй зарцуулсан төсвийн зарлага буюу үр дүн нь хэмжигдэж чадахгүй байгаа төсвийн зарлагын хэмжээ 10 их наяд төгрөг давсан гэсэн харамсалтай тоо танилцуулсан. Тийм учраас төсөв орж ирж байх үед шалгуур үзүүлэлтийнхээ түвшнийг зөв гаргаж,сайжруулах шаардлагатай. Миний хувьд өнгөрсөн жил нэг жилийн хугацаанд төсөв болон хөгжлийн төлөвлөгөө, гүйцэтгэлүүд дээр яг энэ зөв шалгуур үзүүлэлттэй болох зарчмын зөрүүтэй саналуудыг гаргасан нь эхнээсээ үр дүнд хүрсэн.
Тухайлбал, Гадаад харилцааны яам өөрсдийн зорилгоо олон улс дахь Монгол Улсын нэр хүндийг дээшлүүлнэ гэж тодорхойлоод тэр үзүүлэлтээ хэрхэн хэмжиж байна гэхээр гадаадад хийсэн айлчлалын тоогоор хэмжинэ гэсэн байна.
Ийм буруу шалгуур үзүүлэлт тавиад байгаа юм. Үүнийг өөрчлөх ёстой. Миний хувьд, уул уурхайгаас бусад төрлийн гадаад экспортын хувь хэмжээг нэмэгдүүлсэн байдлаар Гадаад харилцааны яамны хийсэн ажлыг үнэлдэг болъё гэсэн ийм санал оруулсан нь дэмжигдсэн. Мөн Эрчим хүчний яам шөнийн цахилгааны хөнгөлөлтөд хамрагдаж байгаа өрхийн тоо нэмэгдэх юм бол “Ажлаа сайн хийсэн” гэж өөрсдийгөө дүгнэнэ гэсэн шалгуур үзүүлэлт тавьсан байна.м Олон айл өрх шөнийн цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах нь төсвийн үргүй зардал гэсэн үг. Харин эрчим хүчний яамны гол зорилго бол агаарын бохирдол буурсан уу, үгүй юү гэдгийг нь хэмжих ёстой. Тэгэхлээр ЭХЯ агаарын бохирдол буурсан эсэхээр өөрсдийнхөө хийж байгаа ажлын үр дүнгээ хэмжих ёстой гэсэн гаргаж ажиллаж байна. Нэмж хэлэхэд хөгжлийн бодлого төлөвлөлт болон түүний хоорондын уялдааг сайжруулах гэсэн ажлын хэсгийг шинээр байгуулаад ахлаад ажиллаж байна.
-Ерөнхий сайд Г.Занданшатарыг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өргөн бари х үеэр УИХ-д анх удаа сонгогдсон 30 гишүүн шаардлага хүргүүлсэн. Ямар учраас уг шаардлагад нэгдэв. Шаардлага хэр үр дүнд хүрэв?
-Ерөнхий сайдад хаягласан бичиг нэг МАН-ын Удирдах зөвлөлд хаягласан бичиг нэг бий. МАН-ын Удирдах зөвлөлд хаягласан бичиг дээр, ямар шалгуур үзүүлэлтээр сайд нарыг томилж байна вэ, томилогдож байгаа сайд нь ямар ажил хийхийг зорьж байгаа юм, ямар асуудлыг шийдэж чадах юм. Өмнө нь сайдаар ажиллаж байсан бол тухайн ажлынхаа үр дүн нь яаж үнэлэгдээд сайд болж томилогдож ирж байгаа юм бэ гэх мэтээр сайд нарыг томилох процессыг ил тод болгох тухай асуудал байсан. Хэн нэгэн хүн шууд дарга нарыг томилоод явах нь Засгийн газар гэлтгүй төрийн албанд байж болохгүй зүйл.Ил тод, нээлттэй, тодорхой байх ёстой.
Шалгуур үзүүлэлт нь зөв байх ёстой ийм шаардлагыг тавьсан. Ерөнхий сайдад хаягласан бичиг дээр бол Жендерийн тухай хуулиа баримталж, Засгийн газрын бүтцийг оруулж ирээрэй гэсэн шаардлага байсан. Тус бичгүүдэд гарын үсэг зурж нэгдсэн 30 гишүүн өөрсдөө сайд, дарга болох гэсэн зорилго ерөөсөө байхгүй. Төрийн үйл ажиллагаа томилгоог ил тод болгоё гэсэн л шаардлага байсан. Өмнөх Засгийн газарт байгаа сайд нараас олонх нь үргэлжлүүлж ажиллах юм бол одоо хэрэгжүүлж байгаа ажлууд, төсөл арга хэмжээнүүд болон энэ төсвийн тодотгол хийхэд илүү хурдтай байх юм.Тийм учраас ийм зарчмаа баримтлаад зарим сайд нарыг үргэлжлүүлж ажиллах бодлого баримтална гэсэн хариу тайлбар өгсөн. Хэлсэн ёсоор нь боллоо.