Энэ жил ОУВС байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байгаа билээ. Тэртээ 1944 оны зун Бреттон Вудcын системийг бий болгосон бөгөөд үүний дагуу Дэлхийн Банк, ОУВС байгуулагдсан байдаг. Их Британийн Лорд Жон Мейнард Кейнс нь тус системийг бий болгоход томоохон үүрэгтэй оролцсон нэгэн бөгөөд ОУВС-г үүсгэн байгуулах, үйл ажиллагааны чиглэлийг нь тодорхойлоход томоохон дуу хоолой болж байв. Тэгвэл 75 жилийн дараа, хэрэв өнөөдөр Кейнс ОУВС-гийн Төв оффисоор зочилвол ямар яриа болох байсан бол?
Хамгаалагч дэгжин хослол өмсөж, судалтай зангиа зүүсэн, ахимаг насны эрхэмд хандан: “Бичиг баримтаа, би таны бичиг баримтыг шалгах ёстой” хэмээн хэлэв. Үргэлжлүүлэн “Та хэн бэ? Таны нэр хэн бэ?”
“Кейнс. Жон Мейнард Кейнс. Лорд Кейнс”
“Ийм байна найзаа. бөгжний эзэн ч бай (лорд гэдэг үгийг егөөджээ), үгүй ч бай биеийн байцаалтыг тань үзэж байж би сая таныг барилга руу нэвтрүүлж болно.”
Энэ мөчид нэг албан хаагч ажлаасаа хоцорч байгаа бололтой яарч өнгөрөв. Тэрхэн мөчид тэрбээр зогтусан эргэн харлаа. Энэ чинь Кейнс байна шүү дээ! Кейнсийн хүрэл баримал захирлуудын зөвлөлийн өрөөнд байршдаг учир түүний царайг төвөггүйхэн таних нь тэр. Тэрбээр “Намайг өршөөгөөрэй” гэж хэлэхтэй хамт хамгаалагчид ажлын картаа үзүүлээд “Би энэ эрхмийг хариуцаад явъя” гэлээ.
Хамгаалагч зөвшөөрч, “Түүнд зочдын карт өгөх ёстой шүү” гэж анхааруулав.
Тэд ОУВС-гийн Төв байранд нэвтрэх нь тэр. “Уучлаарай, Лорд Кейнс, та энд сууж байхгүй юу. Би…”
“Та нар намайг ирнэ гэж мэдээгүй хэрэг үү? Миний явуулсан телеграм энд ирээгүй гэж үү?” хэмээн Кейнс асуув.
“Юу…? Үгүй гэж хэлэх үү дээ. Би түргэхэн Удирдах захирлын ажлын албатай холбогдъё. Тэд энэ асуудлыг шийднэ гэдэгт итгэлтэй байна.”
“Би жоохон хоцорчихлоо. Америкад галт тэрэг хэзээ ч цагтаа байдаггүй шүү дээ…” гэж Кейнс амандаа бувтнан арьсан сандал дээр суув. Барилгын 1 давхарт янз бүрийн далбаа байдаг учраас түүний нүд эрээлжилсэн бололтой.
Бараг 20 минут өнгөрсний дараа л нэг юм албан хаагч эргэж ирээд, “Удирдах захирал таныг хүлээж авахдаа таатай байна” гэж мэдэгдэв.
“Түүний урилгад баярлалаа. Гэхдээ, юу… тэр ноёнтны нэр хэн бэ?”
“Лагард. Кристин Лагард”
“Хатагтай хэрэг үү? Франц хатагтай?”
Албан хаагч толгой дохилоо.
“За тийм байж. Тэгвэл No.2 албан тушаалтан байгаа байх аа?”
“Тэргүүн дэд удирдах захирлыг Дэвид Липтон гэдэг бөгөөд Америк хүн байгаа.”
“Тийм, Америкчууд байлгүй яахав. Гэхдээ мэдээж No.3 байгаа, тийм уу? Британи улс квотын хэмжээгээрээ 2-т бичигддэг биз дээ.1 Би өөрөө хэлэлцэж, тохиролцож байсан учир сайн санаж байна.”
Албан хаагч эвгүйхэн ханиалгаж, хоолойгоо засаад “Үнэнийг хэлэхэд Япон улс одоо ОУВС-гийн гишүүн орнуудаас квотын хэмжээгээрээ 2-т ордог болсон. Дараа нь Хятад болон Герман улсууд байгаа” гээд, “Их Британи 5 дугаарт Франц улстай зэрэгцэж байгаа” гэж тайвшруулахыг оролдов.
Кейнс удирдах захирлын өрөө рүү явах замдаа энэ бүх шинэ мэдээллийг тунгаалаа.
“Лорд Кейнс, тантай уулзах нэр төрийн хэрэг.”
“Enchanté, маш таатай байна Хатагтай.”
“Таныг арай дээр хүлээж авч чадаагүйд уучлаарай. Үнэнийг хэлэхэд бид ийм зүйл болно гэж мэдсэнгүй…”
Кейнс бага зэрэг инээмсэглээд “Би ойлгож байна. Би хэсэгхэн ‘урт хугацаанд’ байж байгаад ирлээ2. Гэхдээ ОУВС-гийн 75 жилийн ойн өдөр зочлохгүй байж чадсангүй.”
Лагард түүнийг буйдан дээр урьж, Неспрессо машинаараа 2 аяга кофе бэлтгэж эхлэв.
“Тэгэхлээр, та надад хэлнэ үү” гээд “ОУВС амжилттай байж чадав уу? Одоо юу болж байна? Миний ойлгосноор ‘Конференц’ болсны дараа зарим өөрчлөлт гарсан байна” хэмээн Кейнс үргэлжлүүлэв.
“Хаанаас эхлэхээ би төдийлөн мэдэхгүй байна. Маш их өөрчлөлт гарсан” гэж Лагард түүнд хариуллаа.
“За, Дүрмийн хувьд. Бидний үг бүрчлэн хэлэлцсэн зүйлс өөрчлөгдөөгүй байх гэж найдаж байна.”
“Ерөнхийдөө бол үгүй. Гэхдээ зарим нэг нэмэлт өөрчлөлт орсон.”
“Тухайлбал?”
“Анхны нэмэлт өөрчлөлт нь ЗТЭ-ийг бий болгоход чиглэж байсан. Задалж хэлбэл Зээлжих тусгай эрх. Энэ нь юу л даа… тайлбарлахад төвөгтэй юм. Гэхдээ үүнийг Төв банкуудын хоорондох виртуал валют гэж ойлгож болно. Энэ нь шаардлагатай үед олон улсын мөнгөний тогтолцоонд хөрвөх чадварыг бүрдүүлэхэд чиглэдэг. 2009 онд бид үүнийг ашиглаж асар том хуваарилалт хийсэн.”
“Миний ярьж байсан банкортой ижил сонсогдож байна.”
“Тийм ээ, яг тийм” хэмээн Лагард инээв. “Би мартжээ. Танд ЗТЭ хэрхэн ажилладгийг тайлбарлах нь илүүц байж. За өөр юу билээ, аан тийм. Өөр нэг томоохон өөрчлөлт бол дүрэмд хоёрдох удаагаа нэмэлт өөрчлөлт оруулсан явдал байсан. Үүнийг хөвөгч ханшийн дэглэм хэмээн тодорхойлсон.”
“Хөвөгч ханш ий? Гэхдээ бид дайны дараа эмх замбараагүй зүйл болж байх үед ханшийн тогтвортой байдлыг бий болгохын тулд ОУВС-г байгуулсан шүү дээ.”
“Бреттон Вудсын тогтвортой ханшийн тогтолцоо 1970-аад онд нуран унасан.”
“Тэгвэл ОУВС яагаад одоо хүртэл ажиллаж байдаг билээ?”
“Тогтвортой ханшийн тогтолцоо үгүй болсон ч дэлхий нийтэд бид хэрэгтэй гэдгийг удалгүй ойлгосон. Нөгөөтэйгүүр, хөвөгч ханшийн дэглэм бий болсон ч, бид улс орнууд ханшид нөлөөлөх замаар худалдаанд шударга бус давуу тал бий болгохтой тэмцэж, гишүүн орнуудын ханшийн бодлогод хатуу хяналт тавьж эхэлсэн.”
“Тэгэлгүй яах вэ. Тэгээд тэд та нарын үгийг сонсож байх юм уу?”
Лагард бага зэрэг инээн, “Юу л даа, үргэлж биш” гэлээ. “Худалдаанд ашигтай байгаа улсуудыг ханшаа ам.долларын эсрэг чангаруулахгүй байна гэж АНУ гомдоллох болсон. Тэдгээр улсууд өмнө нь Герман, Япон улсууд байсан бол саяхнаас Хятад улс болж хувирлаа. Бүр хэдхэн жилийн өмнө бидний үндсэн үүрэг хяналт тавих ажиллагааг АНУ шүүмжилж ‘унтаагаараа жолоо барьж буй’ мэт гэж зүйрлэсэн.
“Би тухайн үед Харри Декстер Уайтад үүнийг хэлж байсан юм. Чи ОУВС-гийн эрх мэдлийг ашиглах замаар худалдааны ашигтай байгаа улсуудыг тохируулга хийхийг шаардаж, санг нэг ёсондоо хазгануулж болохгүй гэж анхааруулсан. Миний хувьд ашигтай болон алдагдалтай байгаа улсууд ижил тэнцүү төлөөс төлөх ёстой гэж хүсэж байлаа. Гэхдээ Уайт болон АНУ-ын Сангийн яамны зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан л даа. АНУ үргэлж худалдаанд ашигтай байж чадахгүй ээ. Алдагдалтай ажиллаж эхлэх үед чи харамсах болно доо гэж би түүнд анхааруулж байв. Хариуд нь тэр ‘наадах чинь хамаагүй ээ, АНУ үргэлж чөлөөт худалдааны төлөө тэмцэгч байх болно’ гэсэн. Одоо хэвээрээ биз дээ?”
Бараг л… гэж Лагард “хуурай” хариулав.
“Тэгэхлээр Төв банкууд валютын захад оролцохоо больсон хэрэг үү?”
“Хөвөгч ханшийн дэглэмтэй бол үгүй гэсэн үг. Тэд зах зээлд эмх замбараагүй байдал бий болсон тохиолдолд л интервенц хийх замаар оролцох юм.”
“Зах зээл чинь өөрөө эмх замбараагүй биш билүү?”
Лагард кофегоо авахаар кофены машин руу боссоноо бодлоо өөрчилж, өөр зүг рүү явав. Оронд нь модон хийцийн хананы ард талын хөргөгчнөөс Ла Гранде Дам оргилуун дарс гаргаж ирлээ.
“Яасан аятайхан юм бэ” гэж Кейнс инээвхийлэн уулга алдаад, “Та сонсож л байсан байх, миний амьдралдаа харамсаж явдаг нэг зүйл бол энэ…”3 Тэр босоод Лагард руу дөхөж очлоо.
“Би ажлаа хүлээж аваад үүнийг энэ хөргөгчнөөс олсон юм. Би тун онцгой өдөр задлахаар хүлээж байлаа. Тэр бол гарцаагүй өнөөдөр.” хэмээн Лагард инээмсэглэнгээ түүнд хундагалан өгөв.
Тэд хундага тулгасны дараа Кейнс суудал руугаа буцаж суунгаа, “Та надад хэлээч, банкорын санаа хэрхэн хэрэгжсэн бэ? Түүнийг юу гэж хэллээ? Зээлжих тусгай эрх гэсэн байх аа? Тэгээд та нар хэдэн жилийн өмнө томоохон хуваарилалт хийсэн гэж байсан. Яагаад тэгсэн гэлээ?” гэв.
Лагард түүн лүү ширтэж байснаа, “Мэдээж та олон улсын санхүүгийн хямралын талаар сонсоогүй байх.”
Мэдээж үгүй! Бидэнд дахиад Их хямрал тохиолдсон хэрэг үү?
Үгүй ээ. 10 жилийн өмнө дэлхий нийтийг хамарсан томоохон санхүүгийн хямрал тохиолдсон бөгөөд Их хямрал руу хөтөлж байсан. Аз болоход бидэнд таны онол байлаа. ОУВС-гаас яаралтай арга хэмжээ авч, улс орнуудыг төсвөө их хэмжээгээр тэлэх болон мөнгөний бодлогоо хүчтэй зөөлрүүлэхийг уриалсан.
Тэгээд уналт зогссон уу?
Зарим талаар тийм. Тэр цагаас хойш дэлхийн эдийн засаг байнга бага зэргийн “доргиотой” байх болсон.
“Эдийн засгийг сэргээх төсвийн арга хэмжээ үр дүнгээ өгсөн үү?”
“Тийм ээ, маш сайн нөлөөлсөн. Гэхдээ асуудал нь зарим улсын засгийн газар зардлаа хэт нэмэгдүүлснээр өрийн хэмжээгээ маш их өсгөсөн.”
“Тэгвэл хэт зөөлөн мөнгөний бодлогын хувьд…?”
“Гарцаагүй чухал байсан.”
“Гэхдээ энэ нь мөнгөний урсгалыг хурдасгаж, халалтыг үүсгээгүй юу? Эсвэл өнөө цагт хөрөнгийн урсгалын удирдлага тийм сайн болсон хэрэг үү?”
Лагард мөрөө хавчисхийн, “Тэр цагаас хойш хөгжиж байгаа эдийн засгууд руу маш их мөнгө урссан. Нөгөө талаас тэдгээр улсын компаниудын валютын эрсдэлийн хэмжээ аюултай хэмжээнд хүртлээ өссөн.”
“Ашиг өгөх актив нь дээд зэргээр ашиглаж болох чиглэл рүү урсаж байх нь зөв. Гэхдээ ямар ч удирдлагагүйгээр их хэмжээний мөнгөний урсгал бол…” гээд Кейнс толгойгоо сэгсрэв. Тэр үргэлжлүүлэн, “ОУВС-гийн дүрмийг боловсруулж байхдаа Уайт бид хоёр энэ тал дээр бүрэн зөвшилцөлд хүрч чадсан. Гэтэл Нью Йоркийн банкирууд бидний боловсруулсан төслийг гацааснаар энэ заалт цааш яваагүй. За тэр ч яахав. Энэ бол олон жилийн өмнөх явдал. ОУВС одоо юун дээр ажиллаж байгаа вэ?”
“Маш олон асуудал дээр” гэж Лагард хариуллаа. “Дурдсанчлан, хямралаас хойш 10 жил өнгөрсөн ч гэлээ дэлхийн эдийн засаг доргиотой хэвээрээ л байна. Дээр нь орлогын тэгш бус байдал, хүйсийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт гэх мэт бидэнд шинээр өөр асуудлууд тулгарч эхэлсэн.”
“Уур амьсгалын өөрчлөлт гэв үү? Цаг уур гэж та хэлэх гээгүй биз? Уур амьсгал яаж өөрчлөгддөг билээ?”
“Дэлхий дээр жил бүр хэдэн мянган тонноор хэмжигдэх нүүрс хүчлийн хий болон бусад орчныг бохирдуулагч олон бодисууд бий болж байна. Энэ нь дэлхийн дундаж температурыг өсгөж, улмаар туйлын мөсийг хайлуулан далайн түвшнийг нэмэгдүүлж байна…”
“Тэнгэр минь” гэж Кейнс уулга алдан, “наадах чинь аймшигтай сонсогдож байна. Гэхдээ энэ нь ОУВС-д ямар хамаатай юм бэ?”
Лагард тайлбарлав. Яг тайлбарлаж дуусч байх үед хаалгыг жигд тогших чимээ сонсогдоно. Хаалга тогшсон хүн түүний туслах байсан ба хаалгаар толгойгоо цухуйлган “Юу. Хатагтай Лагард, захирлуудын зөвлөлийн хурал хэдхэн минутын дараа эхлэх гэж байна” гэж мэдэгдлээ.
Кейнс босч зогслоо. Түүний живэр сахал чийжигнэж, инээмсэглэл болон хувирав. “Би ОУВС-г зөвлөлтэй байх ёстой гэж үргэлж хэлдэг байсан.”
Лагард гарахдаа бэлдэнгээ түүнд хандан, “Та яагаад үлдсэн өдрийг сантай танилцаж өнгөрөөхөд зориулж болохгүй гэж?” хэмээн асуув. “Миний туслах таныг дагуулж танилцуулна. Та өөрийн нүдээрээ сан хэрхэн ажиллаж байгааг үзэж болно шүү дээ. Тэгээд явахаасаа өмнө над дээр эргэж ирэхгүй юу?”
* * *
Нар жаргах дөхөж, Вашингтон хотод үзэсгэлэнт зуны үдэш айлчлахад Кейнс Удирдах Захирлын өрөөнд эргэж ирэв.
“За, та юу гэж бодож байна?” гэж Лагард лавлана.
“Бүх зүйл өөрчлөгдсөн мэт надад санагдлаа. Миний үед 3 тогтмол байдаг байсан. Цаг уур, үндэсний орлогод ажиллах хүчний эзлэх хувь4, эцэст нь – ингэж хэлж байгаад уучлаарай, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь5. Одоо энэ бүхэн өөрчлөгдөж. Гэхдээ, нөгөө талаар юу ч өөрчлөгдөөгүй байна. Сангаас улс орнуудын төлбөрийн тэнцлийн асуудлыг шийдвэрлэх тал дээр тусалж, үндэсний болон олон улсын цаашдын төлөвт нөлөөлөх зүйлсийн эсрэг зогсох нь чухал. Сан нь мөн худалдаанаас ашигтай байгаа болон алдагдалтай байгаа улсуудын хувааж болох хүндрэлийг жигд хуваарилахад тусалж, өөрчлөлт ихтэй хөрөнгийн урсгалыг эх үүсвэр болон хүлээж авч байгаа орнуудын хооронд удирдахад дэмжлэг үзүүлэх ёстой. Мөн дэлхий нийтийн хөрвөх чадварыг заримдаа зохицуулж байх шаардлагатай байна. Өөрчлөгдсөн ганц зүйл гэвэл шок үүсэх шалтгаан болон улс орнуудад тулгарч байгаа хүндрэлүүд л аж. Гэхдээ ОУВС-гийн үндсэн үүрэг буюу гишүүн улс орнуудыг эдгээр асуудал, хүндрэлүүдийг даван туулахад туслах шаардлага оршсон хэвээр байна. Бидний Бреттон Вудсын бий болгосон гавьяа нь тогтсон ханшийн тогтолцоотой болох явдал байгаагүй ээ. Гол нь гишүүн орнууддаа тохируулж, дасан зохицдог, үйлчилж чадах тийм институцийг болгох байсан юм.”
“Тэгэлгүй яах вэ” гэж Лагард хариулав. “Би таныг гаргаж өгье.”
Тэд цахилгаан шатанд өөрсдийнхөө бодолдоо автан чимээгүйхэн явлаа.
Хаалга руу гаргаж байхдаа Лагард Кейнсээс, ”Танд өөр ажиглагдсан зүйл байв уу?” хэмээн асуув.
“Тийм. Би орон болгоноос ирсэн, хар цагаан арьстай, эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь шашин харгалзахгүй янз янзын ажил хийж нэг дор, нийтийн ашгийн төлөө ажиллаж байгааг анзаарлаа. Би ОУВС-г зөв чиглэлд, зөв удирдлагын доор байгааг ойлголоо.6“ гэж инээмсэглэн, “ОУВС алзахгүй юм байна. Дэлхий алзахгүй юм байна” гэлээ.
Кейнс мэхийн ёслоод, баруун хойд 19 дүгээр гудамжны зүг алхан одлоо.
Автор: Атиш Р.Гош /ОУВС-гийн түүхч/
Орчуулсан: Н.Батжин
Тэмдэглэгээнүүд:
1 Кейнсийн гайхах нь аргагүй юм. ОУВС-гийн квот шинэчлэх 9 дүгээр үнэлгээ 1990 онд болсон ба тэр хүртэл Их Британи улс квотын хэмжээгээр АНУ-ын дараа 2 дугаарт бичигдэж байсан. 1947 оны байдлаар квотын хэмжээгээр тэргүүлж байсан 5 орныг жагсаавал АНУ 31.68%, Их Британи 15.12%, БНХАУ 6.56%, Франц 6.28%, Энэтхэг 4.85%-ийн квоттой байсан юм.
2 Кэйнс “Урт хугацаанд бид бүгд үхнэ” гэсэн алдартай ишлэлээ 1924 онд хэлж байсан.
3 Кейнс нэгэнтээ, “Миний хамгийн их харамсаж явдаг зүйл бол илүү их оргилуун дарс ууж чадаагүй явдал” гэж хэлж байжээ.
4 Кейнс 1939 онд үндэсний орлогод эзлэх ажиллах хүчний хэмжээ бол эдийн засгийн бүх статистикаар баталгаажсан гайхмаар факт юм гэж хэлж байсан бол 1980-аад оноос хойш ажиллах хүчний эзлэх хэмжээ дийлэнх хөгжингүй эдийн засгуудад буурч эхэлжээ.
5 Кейнс бол эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахыг хүчтэй дэмжигч хүн байсан. Тэрбээр 1932 онд Мэри Стопсын Нийгэмлэгийн Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв.
6 Гишүүн орнуудын засгийн газраас энэ төрлийн хууль эрх зүйн акт батлахаас өмнө ОУВС-гийн Захирлуудын зөвлөл N1 дүрмийг 1946 оны 9-р сарын 25-ны өдөр баталсан. Уг дүрэмд, ажилтны хүйс, арьс өнгө, шашин шүтлэгийг үл харгалзан ажилд авах, ангилал тогтоох, тушаал дэвшүүлэх, үүрэг даалгавар өгөх шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлнэ гэжээ.
Эх сурвалж: Lord Keynes Pays a Visit