Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ аварга Э.Оюунболдод “Тоёота Сэйлс Монголи” ХХК өнөөдөр Хүй долоон худагт “Тоёота” цом гардууллаа.
Тоёота мотор корпораци зургаа дахь жилдээ Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр хамтран ажиллаж байна. Цом гардуулан өгөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулсан хорооны дарга Ө.Энхтүвшин, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “Тоёота сэйлс Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Тоширо Курахаши, Монгол Улсын аварга Э.Оюунболдын гэр бүлийнхэн, найз нөхөд, бөх сонирхогчид оролцлоо.
Шинэ аваргад гардуулсан цомыг Батноров хийцийн арга барилыг ашиглан, гар урлалаар бүтээжээ. Өндөр нь 90 см, 60 кг орчим жинтэй алт, мөнгө, эрдэнийн чулуунаас бүтсэн цомын суурийг ногоон гартаамаар хийж тулгуур дөрвөн багана дээр улаан хас, ногоон хаш, гартаам, номин эрдэнийн чулууг шигтгэн, оройд нь хангарьд, луу, бар, арсланг алтаар урлан, 50 см амсартай цул мөнгөн аягыг байрлуулан урлажээ.
Дөрвөн монгол дархан хоёр сарын хугацаанд урласан “Тоёота” цом шилжин явахгүй, түрүү бөхөд насан туршид нь хадгалагдах юм байна.
Тоёота мотор корпораци 2014 оноос хойш төлөөлөгчийн газраар дамжуулан Улсын наадмын түрүү бөхөд автомашин гардуулж байгаа юм. Энэ жилийн улсын баяраар тус корпораци Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт “Тоёота” асрыг байршуулж, наадмын үйл ажиллагааг шууд дамжуулан, олон нийтэд замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хэрхэн хангах, автомашины аюулгүй ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгч ажилласан байна. Мөн наадмын өмнө хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хамгаалалтын 150 хувцсыг наадам зохион байгуулах хороонд гардуулжээ.