Умард Солонгосын дөрвөн дүрвэгч 2019 оны зургадугаар сарын 15-ны өдөр хил зөрчин орж ирэх үед харуулд гарч байсан цэргийн алба хаагч 21 настай “А” өчигдөр (2019.07.08) 21:50 цагт Сөүл хотын Вон Хюу гүүрнээс үсэрчээ. Түүнд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэн, зүрх судасны мэс засал хийсэн боловч ухаан оролгүй байсаар өнөөдөр нас барсан байна.

Тэрээр өнгөрсөн зургадугаар сарын 22-28 өдрүүдэд чөлөөгөөр амарч байсан ба энэ сарын 1-нээс 9-ний өдрийг дуустал ээлжийн амралттай байжээ.

Тус улсын Тэнгисийн хилийн цэргийн алба “А”-гаас дээрхи хил зөрчигчидтэй холбоотой ямар нэгэн байцаалт аваагүй ба сахилгын шийтгэл оноох төлөвлөгөө байгаагүй гэж мэдэгджээ.

Харин цагдаагийн газраас “А”-тай холбоотой гэрээслэл олоогүй ч түүний гар утаснаас “Цэргийн амьдрал хэцүү байна” гэсэн тэмдэглэлийг илрүүлсэн бөгөөд энэ нь Умардын хил зөрчигчидтэй холбоогүйн дээр, тус улсын цэргийн амьдрал тэр чигээрээ там байна гэсэн утгыг илэрхийлсэн болов уу хэмээн таамаглаж байгаа аж.

Дүрвэгсдийн тухайд, 2019 оны зургадугаар сарын 15-ны өдөр Умард Солонгосын дөрвөн хил зөрчигч тус улсын Кан Вон Ду мужийн Сам Чог тэнгисийн Панг Па зогсоолоор загасчны завиар баригдалгүй хил нэвтэрч, нутгийн иргэдтэй чөлөөтэй ярилцаж явсныг нутгийн иргэд цагдаагийн газарт мэдэгдснээр илрүүлж байжээ.

Тэдгээр дөрвөн иргэний хоёр нь нутаг буцсан бөгөөд хоёр нь Өмнөдөд үлдэх зорилгоор ирсэн болохоо хүлээгээд байсан юм.

Эх сурвалж: Mglradio

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн