Жүжигчин Г.Ундармаа Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгийг тохижуулахаар болжээ. Тэрбээр MCS групптэй хамтран “Итгэлийн танхим” ТББ-аараа дамжуулан тохижуулахаар судалгаа хийж яваа аж.
Г.Ундармаа орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Орон нутгийн нэгдсэн эмнэлгийн тасгийг тохижуулахаар болж зураг төслөө хараад ямар байгаа бол доо гэж бодсон. Ирээд хартал тохитой сайхан байна. Засвар хийгдээгүй таван жил болсон гэнэ. Сэтгэлд нийцсэн тухтай орчинд ажиллаж байгаа нь сайн. Засварын ажил хоёроос гурван сар орчим хугацаанд хийгдэнэ гэж тооцсон.
Найм дахь удаагаа эмнэлэг тохижуулах сайн санааны аян маань эхэлж байна. Итгэлийн танхимаас санаачилж байгаа хоёр дахь төсөл маань Баянхонгор аймагт хэрэгжиж байгаад олзуурхаж байна. Энэ жил Ламын гэгээний 380 жилийн ой тохиож байгаа юм. Бидний үйл ажиллагааг дэмжсэн MCS групийн хамт олон болон Баянхонгор нутгийн нэгдсэн эмнэлгийн хамт олонд баярлалаа” хэмээжээ.
Сонирхуулахад, тэрбээр 2013 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн төвд эхний “Итгэлийн танхим”-аа нээж, тус эмнэлгийн 220 ам метр талбай бүхий танхимуудыг нийт 88.9 сая төгрөгөөр шинэчилж, тохижуулж өгсөн. Мөн дараа жил нь ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн танхимийг засч, тохижуулж өгсөн билээ.