Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын мэлмий гийсний 84 насны ойн баярын арга хэмжээ МБШТ Гандантэгчэнлин хийдийн Мэгжид Жанрайсиг бурханы өмнөх талбайд өнөөдөр зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд “Таны буянд даган баясъя”, “Монголын Сүсэгтэний холбоо”, ” Жавзандамба Хутагт төв” тэргүүтэй төрийн бус байгууллагууд оролцож байна. Мөн МБШТ Гандантэгчэнлин хийдийн Их шанзодва А.Ариунжаргал, Дээрхийн гэгээн XIV Далай багшийн Монгол дахь суурин төлөөлөгч Одсэр ринбүчи, Өмнөд Энэтхэгийн Сэра Жэ хийдийн гэвш лхаарамба Данзан Жамба Чойсан ринбүчи тэргүүтэй дээдэс лам нар хүрэлцэн ирсэн байна.
Тус эрдэм соёлын өдөрлөгийн үеэр Улаанбаатар хотын амаржих газрууд болон Төв аймагт зохион байгуулж буй хүмүүнлэгийн үйл ажиллагааг танилцуулж, ХУД, БГД-ийн амжиргааны түвшин доогуур өрхөд хүнсний зүйлс гардуулав. Мөн шинээр оюутан болж буй оюутанд сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлж Дэчинчойнхорлин хийдийн хамт олон сурагч Э.Нансалмаад 500,000₮ хандивлалаа.
Дашрамд сонирхуулахад: Их гэгээнтэн бээр Зүүн хойд Төвдийн Амдо нутгийн Такцэр тосгонд 1935 оны 7-р сарын 6-ны өдөр лагшин мэндэлжээ. Лхамо дондов хэмээх нэрт хоёр ойтой бяцхан хүү байхдаа тэрбээр XIII Далай лам Түвдэнжамцын хойд дүрээр тодорсон байдаг.
Дээрхийн гэгээн зургаан настайгаасаа шашин номд суралцаж эхэлжээ. Түүний сургалтын хөтөлбөр нь их, бага таван ухаан байв. Их ухаанд учир шалтгааны ухаан (логик), төвдийн урлаг соёл, санскрит хэл, тэжээхүй ухаан ба Буддын гүн ухаан (дотоод ухаан) юм. Үүнээс Буддын гүн ухаан нь мөн дотроо таван аймгаас бүрэлдэнэ. Тэдгээр нь пражнапарамита буюу билгийн чиндад хүрэхүй, мадхъяамака буюу төв үзэл, винай буюу сахил санваарын ёс, абхидхарма буюу метафизик, прамана буюу логик ба танин мэдэхүй болно. Таван бага ухаан нь яруу найраг, хөгжим драм, одон зурхай, үг зүй, ёгт нэр зэрэг болно.
1959 онд буюу 23 насандаа тэрбээр Лхасын Жохан сүмд жил тутмын ерөөл хурлын үеэр дамжаа барьсан байдаг. Ингээд тэрбээр дамжаагаа онцгой сайн барьж Буддын гүн ухааны хамгийн дээд чухамдаа докторын зэрэгтэй дүйцэхүйц Лхаарамба гэвш мяндаг хүртжээ.