Баяр наадам, амралт, аялал зугаалгын цаг эхэлж байгаа энэ үед иргэд, жуулчид хулгайд эд зүйлсээ алдах, амралт зугаалгаар явахдаа орон байраа удаан хугацаагаар хараа хяналтгүй орхисноос хулгайн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол их байдаг.
Иймд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хулгайлах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, гаралтыг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлага, сонор сэрэмжийг дээшлүүлэх зорилгоор “Зогс-Шалга-Боломж бүү олго” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Уг арга хэмжээ наймдугаар сарын 01-нийг хүртэл нэг сарын хугацаатай.
Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд жуулчдын аюулгүй байдлыг хангах, орон байр, тээврийн хэрэгсэл, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өдрийн цагаар явган эргүүл, хэв журмын урамшилт эргүүлийг энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд, оройн цагаар авто эргүүл болон бусад харьяа анги байгууллагуудтай хамтарсан эргүүл, хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Мөн байр, орон сууц, СӨХ, аж ахуйн нэгж байгууллагуудын теле хяналтын камерт үзлэг хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, баяр, амралтын өдрүүдэд сонор сэрэмж, хараа хяналтыг сайжруулж ажиллах талаар аж ахуйн нэгж байгууллагуудад мэдэгдэл, шаардлага хүргүүлэх, айл өрх бүрт зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэх зэрэг ажил, арга хэмжээг хэрэгжүүлж байна.