Эмийн үнийн хөнгөлөлтийн тухай болон даатгалын систем хэрхэн ажиллаж байгаа талаар Эрүүл мэндийн яам, ЭМДЕГ-аас өнөөдөр (2019.07.04) мэдээлэл хийлээ.
Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй байгаа 5000 гаруй худалдааны нэршлийн эмийн 2000 гаруй эмийг “зайлшгүй шаардлагатай эмийн бүртгэл”-д оруулдаг байна. Тэдгээр зайлшгүй шаардлагатай эмүүдээс ЭМД-аар хөнгөлөлттэй олгох жорын жагсаалтыг гаргадаг аж. 2018 онд батлагдсан ЭМД-ын Үндэсний зөвлөлийн 24 дүгээр тогтоолоор 33.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөнгөлөлтийн эмийг 1026 эмийн сангаар олгож байна. Тус тогтоолоор бүх нийтийн эрүүл мэндийг хамралтыг сайжруулах хүрээнд нийт 120 гаруй нэрийн эмийн хөнгөлөлтийг нэмэгдүүлэн шинэчлэн оруулжээ.
ЭМДСангаас үнийн хөнгөлөлтөд оруулах эмийг сонгохдоо:
-Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон байх
-Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн байх
-Жороор олгодог
-Тасралтгүй нийлүүлэгддэг
-Эмчилгээ, оношлогооны удирдамжид заагдсан байх гэсэн үндэслэлүүдийг баримталдаг байна. Мөн даатгуулагчид эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэл учруулахгүй байх үүднээс зонхилон тохиолдох өвчинд хэрэглэдэг эмүүдийг түлхүү оруулахаар зорьдог аж.
Өмнөх жилийн гүйцэтгэлээр ЭМДСангаас эмийн үнийн хөнгөлөлт авсан даатгуулагчдын 72 хувийг 0-5 насны хүүхдүүд, 50-иас дээш насны ахмадууд эзэлжээ. Үүн дотроо 58 хувийг нь 50-иас дээш насны ахмадууд хэрэглэсэн байна. Эдгээр ахмадуудын дийлэнх нь зүрх судасны өвчинтэй холбоотой эм авчээ.
2019 онд эмийн үний хөнгөлөлтөд 33.9 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа аж. Эмийн үнийн хөнгөлөлтийн хувийг тогтоохдоо зонхилон тохиолдох өвчний үед хэрэглэх эмийг 80 хүртэлх хувиар хөнгөлдөг байна. Үүнд ахмадуудын хэрэглэдэг эмүүд ордог юм байна. Урт хугацаанд хэрэглэх уналтын эсрэг, сахар бууруулах зэрэг өвчний үед хэрэглэх эмүүдийг 60 хүртэлх хувиар бууруулдаг бол халдварын эсрэг эмийг 30-50 хувиар, 0-5 насны хүүхдийн эмийг 50-80 хувиар хөнгөлжээ.
2018 оны нэгдүгээр сарын 15-наас хэрэгжүүлж байгаа эмийн жагсаалтад нийт 812 худалдааны нэршил бүхий эм багтжээ. Үүнээс 638 нь ерөнхий жагсаалтад байдаг, мөн 0-5 насны хүүхдүүдэд зориулсан 174 худалдааны нэршлийн эм байдаг юм байна.
ЭМД-ын байгууллага 2019 онд 1026 эмийн сантай гэрээ байгуулан эмийн үнийн хөнгөлөлтийг үзүүлж ажиллаж байна. Нийслэлийн эмийн сангуудын 20 гаруй хувь нь хоёр долоо хоногийн хугацаагаар эмийн үнийн хөнгөлөлтийг үзүүлж ажилладаг юм байна. Орон нутгийн хувьд 60 гаруй хувь нь 14 хоногоос дээш хугацаагаар үйлчилж байгаа гэсэн мэдээллийг өглөө.
Зарим эмийн сангуудаар олгож байгаа хөнгөлөлттэй эм богино хугацаанд дуусах асуудал түгээмэл байдаг. Тэгвэл энэ талаар тайлбарлахдаа “Бага төсөвтэй, ЭМДС-тай шинээр гэрээлсэн, жижиг эмийн сангуудын хувьд эмийн үнийн төсөв нь сарын эхний өдрүүдэд дуусах асуудал гардаг. Харин томоохон, бүх шаардлагыг хангасан эмийн сангууд өндөр төсөвтэй байдаг. Иргэдийн хувьд тухайн төсөв нь дууссан эмийн сангаас өөр ойролцоох аль эмийн санд нь тэр эм байгаа вэ гэдэг мэдээллийг ЭМД-ын байгууллагаас авч болно. Мөн ЭМД-ын байгууллагын вэбсайтаас өөрт ойр эмийн сангуудын төсвийг харах боломжтой. Иргэд ЭМДЕГ-ын олон нийттэй харилцах утасны 70101128 дугаараар болон emd.gov.mn вэбсайт хаягт хандаж болно” гэлээ.
Цахим систем хэрхэн ажилладаг талаар мөн энэ үеэр тайлбарлалаа. Иргэд өрхийн эмчээсээ код авч өөрт ойрхон эмийн санд очоод регистрийн дугаар, эсвэл зургаан оронтой кодоо хэлэхэд тухайн иргэнд бичигдсэн онош, жор зэрэг бүх мэдээлэл нь гарч ирнэ. Тэр дагуу эмийн сан гурав хүртэлх эмийг худалдахад хэдэн төгрөгийг даатгуулагч төлөх, хэдийг нь даатгалын сангаас хариуцах нь бүртгэгдээд, улмаар тэр мэдээлэл нь и-баримт руу шилжиж, ЭМДЕГ-т 1 хувь нь орох зарчмаар цахим систем ажилладаг байна. Цахим системд 2018 оны дөрөвдүгээр сараас хойших бүх бүртгэл мэдээлэл хадгалагдаж байгаа ажээ.
Монгол Улс “Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт”-ыг анх 1991 онд батлан гаргажээ. Улмаар өнөөг хүртэл нийт 8 удаа шинэчлэн батласан байна. Мөн хүүхдийн зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг анх удаа 2017 онд шинэчлэн баталжээ.