УИХ-ын чуулганы хуралдаанд 57 гишүүн ирж, 76 хувийн ирц бүрдсэн тул өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж эхэллээ. Ингээд тус төслийн нэг дэх хэлэлцүүлэг буюу хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, гишүүд асуулт асууж хариулт авлаа.
Тухайлбал хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Үндсэн хуулинд хэлэлцэх асуудлыг хэлэлцээд шийдвэрлэнэ биз дээ. Гэхдээ Үндсэн хуулийн асуудал ард нийтийн санал асуулгаар орно гэж тооцож, ард түмнээсээ асууж байж эцсийн шийдвэрээ гаргана гэж тооцож ШИНЭ намын гишүүд энэ хэлэлцүүлэгт оролцоод сууж байгаа. Өөрсдийгөө сөрөг хүчин гэж үзэж байгаа АН-ын нөхөд картаа сугалаад алга болсон. Гэхдээ АН-ын дэд дарга Х.Тэмүүжин дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна. Тэгэхээр нийгмийнхээ үзэл бодлыг нэгтгэх чиглэлд онцгой анхаарч ажиллах ёстой гэсэн байр суурьтай байна. Өнгөрсөн долоо хоногт энэ чуулганыг яаралтай завсарлуулсан шалтгаан нь бол Ерөнхийлөгчтэй УИХ-ын дарга зөвшилцөнө гээд явсан. Төрийн гурван өндөрлөгийн байр суурь нэгдмэл байр суурьт хүрсэн үү?
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь 10 жил, гурван парламент дамжиж эрдэмтэд, судлаачид, улс төрийн намуудын оролцоотой бүтсэн бүтээл. 2011 онд Ж.Сүхбаатар нарын 31 гишүүн, 2015 онд Н.Батбаяр нарын 47 гишүүн өргөн барьсан тэр төсөлтэй үндсэндээ 80-90 хувийн агуулга адилхан. Тэр үед УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд тэр төсөлтэй 1 заалтаас бусад агуулга нь адил төслийг өргөн бариад хэлэлцүүлэх гээд явж байсан. Энэ бол улс төрийн намуудын, ТББ-уудын, эрдэмтэн судлаачдын олон жилийн нөр их хөдөлмөр, гурван парламентын бүтээл. Өнөөдөр өргөн бариад л хэлэлцэж байгаа болохоос биш энэ бол олон хүний хөдөлмөр зүтгэлийн үр дүн. Харин би хийгээгүй юм чинь чи болохгүй гэдэг зарчмаар хандаж болохгүй.
ҮАБЗ-ийн түвшинд санал солилцсон. Агуулга, санал нэг байгаа учраас хэлэлцэж байна гэж ойлгож болно. АН-ын гишүүдийн хувьд улс төрийн тодорхой шалтгаанууд байдаг байх. Гэхдээ өөрсдийнхөө өргөн барьж байсан, хэлэлцүүлээд дэмжээд явж байсан төслөөс хойшоо ухраад суучихаагүй гэж бодож байна. Давхар дээлийг тайлъя гэж өчнөөн жил ярьсан. Одоо тэрнээсээ ухарчихаагүй гэж бодож байна. Дордуулсан долоон өөрчлөлтийг засъя гэж олон жил ярьсан. Одоо тэрнээсээ буцаад зугтаачихаагүй гэж бодож байна. Ийм учраас энэ бол үндэсний зөвшөлцлөөр бий болсон төсөл. Тодорхой улс төрийн шалтгаануудаа зөвшөлцлийн арга мехнизмаар шийдээд парламентад суудалтай намууд энэ үйл ажиллагаандаа идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна, тэгж ярьж байгаа.