Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны шинэ намтраар ирээдүйн удирдагчийн хүүхэд, бага залуу насны олонд төдийлөн ил болоогүй баримтуудыг дэлгэжээ. “Washington Post” сонины сэтгүүлч Анна Фифилдийн “Агуу залгамжлагч: Ким Чен Уны нууцлаг өсөлт, удирдлага” нэртэй уг номонд түүнийг “агуу удирдагч” болгохын тулд эрт үед нь хэрхэн бэлтгэж байсныг хүүрнэсэн байна.
Сэтгүүлч бүсгүй Кимийг сайн таних олон хүн, тэр дундаа авга, нагац нартай нь уулзаж үзсэн байна. Фифилд мөн Хойд Солонгосын удирдагч Кимтэй биечлэн ярилцлага авахаар эрх бүхий албан тушаалтнуудад олон ч удаа хүсэлт гаргаад амжилт олоогүй гэнэ.
Номын эхний бүлэгт Хойд Солонгосын удирдагчийн бага насны амьдралыг өгүүлсэн байна. Энд саяхныг хүртэл ил болоогүй олон баримт бий. “ВВС” агентлаг Ким Чен Уны дурсамж номоос хүүхэд насных нь тухай хүүрнэсэн хэд хэдэн сонирхолтой материал эш татсаныг нь орчуулан хүргэж байна.
“Бяцхан хунтайж нар”
Ким зургаахан настай байхдаа олон ёсны арга хэмжээнүүдэд оролцож байсан аж. Энэ номонд Ким ахтайгаа хамт эцэг Ким Чен Ирийг Пхеньянаас өмнө зүгт Синчон харшийн хүүхдийн өрөөнд орж ирэхийг хүлээж байгаа үеийг дүрслэн бичжээ.
“Хөвгүүд алтан товч, улаан канттай чидун ногоон өнгийн хүүхдийн цэргийн хувцас өмссөн байлаа. Тэд саран хэлбэртэй малгай өмссөн байх агаад мөрөн дээр нь алтан одтой мөрдэс хадаастай байх аж. Тэд бяцхан генералууд болсон байв.
Эцэг нь өрөөнд орж ирэхэд тэд цэрэг мэт “номхон” зогсож, түүнтэй мэндчилнэ. Хөвгүүдийн булцгар царай төв байдалтай харагдана. Ким Чен Ир үүнд сэтгэл хангалуун байж, гал тогоо руу явахаасаа өмнө албан тушаалтнууд болон гэрийнхэндээ тэднийг танилцуулав. Бүгд л бяцхан хунтайж нартай мэндчилэхээр дараалан зогсож байлаа”.
Техникт дурласан нь
Ким Чен Ир бүр багаасаа л техниктэй холбоотой бүхэнд дурладаг байжээ. БНАСАУ-ын удирдагч болмогцоо л тэр багаасаа онгоц, хөлөг онгоцонд дуртай байснаа ярьсан байдаг. Энэ дур сонирхол нь нислэгийн сургууль төгсөж, нисгэгчийн үнэмлэх авах хүслийг нь өдөөжээ.
“Ким хүүхэд ахуйдаа бүхий л төрлийн механик аппаратуудад ухаангүй дурладаг байв. Ялангуяа түүнд хөлөг онгоц, нисэх онгоцны загвар их таалагдана. Тэр яаж нисдэг, яаж хөвдөг болохыг танин мэдэхийг хүсч байлаа. Хүү 8-9 настай, Пхеньянд амьдардаг байхдаа л шөнийн цагаар механизмтай холбоотой туршилт явуулж, хүндрэл бэрхшээл гарсан үед үүрийн таван жингээр ч шинжээчтэй ярилцдаг байв. Хэрэв түүнд ямар нэгэн асуудал гарсан, эсвэл хийсэн турш нь ажиллагаагүй болсон тохиолдолд хоногийн аль ч цагт тэнгисийн инженер рүү утасдаж, ирээд тайлбарлаж өгөхийг гуйдаг байсан гэж авга эгч нь надад ярьсан юм”.
“Супер Марио” ба Жеймс Бонд
Ким Чен Уны бага нас БНАСАУ-ын түүхэн дэх хамгийн хүнд он жилүүдийн нэг болох 1990-ээд оны өлсгөлөнгийн үеийг дайрсан юм. Гэвч бяцхан Ким болон түүний ах нар ард түмнийхээ зовлон зүдгүүрийн талаар юу ч мэддэггүй байв. Учир нь тэд Вонсан дахь хаалттай хотхонд тансаг нөхцөлд аж төрж байсан юм. Хүүхдүүд тухайн үед шинээр гарсан “Супер Марио” видео тоглоом, Sony зурагт зэргийг чөлөөтэй хэрэглэх боломжтой байлаа.
“Хүүхдүүд тоглоомын асар том өрөөтэй. Тэнд нь Европын хүүхдийн дэлгүүрт байдаг бүхий л тоглоом байдаг байжээ. Тэнд Lego, Playmobil зэрэг зохион бүтээгчдийн тоглоом уул овоо шиг, амьдралдаа ч эвлүүлж дуусахааргүй паззл эвлүүлдэг тоглоом хайрцаг хайрцгаараа, гайхалтай бодит мэт сумтай хуванцар гар буу зэрэг байсан. Дөрвөн дугуйтай байж болох бүхий л тоглоом байсан ч Ким Чен Унд жинхэнэ машин, жинхэнэ гар буу ч байсан гэдэг. Эцэг нь долоон настай хүүхэд унаж болох автомашин тусгайлан хийлгэж, 45 мм-ийн Colt калибр гар буу ч авч өгчээ. Энэ бууг Ким Чен Ун 11 насандаа бүсэндээ зүүгээд явдаг байлаа.
Гэрт нь дуу тусгаарлагч, акустикийг нь сайжруулах модон хавтантай том кино заал байх бөгөөд гэрэл унтрахад хилэн хар хөшиг хаагдана. Хүүхдүүд зөөлөн буйданд тухлаад л “Бен Гур”, “Дракула”, Жеймс Бондын тухай кинонуудыг үздэг байв”.
Диснейлэндээр аялж, Альпад цанаар гулгасан нь
1996 онд 12 настай Ким Чен Ун Швейцарьт сурахаар явжээ. Тэнд том ах Ким Чен Чоль нь хэдийнэ суралцдаг байлаа. Ах дүү нар нагац эгч Ко Ёнг Суктай Бернийн дагуул хотод хоёр жилийн турш амьдарсан юм.
Тэр Швейцарийн Бернийн Олон Улсын Сургуульд хуурамч нэрээр суралцаж байв
“Тэдэнд Европт амьдарч, мөнгөтэй байх нь таалагддаг байлаа. Гэр бүлийн зургийн цомогт нь Хойд Солонгосын ирээдүйн удирдагч Газар дундын тэнгисийн Номин эрэгт сэлж байгаа, Италид цэвэр агаарт үдийн зоог барьж байгаа, Парисын Диснейлэндэд зугаалж байгаа (энэ түүний Диснейлэндэд хийсэн анхны аялал биш. Ээжтэйгээ өмнө нь явж байсан), Швейцарийн Альпад цанаар гулгаж байгаа гээд олон зураг бий”.
Эх сурвалж: BBC