Буриадын Зайгравскийн районд хэд хоногийн турш ассан томоохон ойн түймрийг гал сөнөөгчид унтраажээ. Өнөө өглөөний байдлаар, нийт нутаг дэвсгэрт ойн түймрийн 7 голомт бүртгэгдсэн талаар Буриад улсын Ойн аж ахуйн агентлаг мэдээлжээ. Галын цэг дээр ой хамгаалагчид, шүхэрчин, гал сөнөөгч зэрэг 400 гаруй хүн дайчлагдан ажиллаж байгаа аж.
Буриадад түймрийн аюул дөрөвдүгээр сарын эхний өдрүүдээс эхэлсэн байна. Энэ хугацаанд нийт 136 гал түймрийн голомт бүртгэгдэж, 12,9 мянган га газар шатжээ. Өнгөрсөн оны мөн үед 52 удаа түймэр дэгдэж, 900 орчим га газрыг хамарч байсан юм байна.