Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас өнөөдөр (2019.06.14) мэдээлэл хийлээ.
Үний зөвлөлийн 2019 оны зургадугаар сарын 4-ний өдрийн №4 тоот удирдамжийн дагуу тодорхой байгууллагуудад үүрэг, чиглэл, зөвлөмж өгсөн байдаг. Тухайлбал, шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, ТББ-уудад шалтгаангүйгээр шатахууны жижиглэнгийн үнэд өөрчлөлт оруулахгүй байх, мөн жижиглэнгээр борлуулж байгаа шатахууны үнийг эдийн засгийн түвшинд нь тогтвортой байлгах, агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Евро-5 стандартын шатахууны импорт борлуултыг нэмэгдүүлэх талаар санал санаачлагатай ажиллах, хэрэглэгчдэд үнэн зөв, бодитой мэдээллийг хүргэж ажиллахыг үүрэг болгосон юм.
Тэгвэл өнөөдөр ШӨХТГ-аас 37 компанид шатахууны үнийг бууруулах шаардлагыг хүргүүлж байгаа юм байна. Шаардлагын хариуг энэ сарын 17-ны дотор өгөх ёстой аж.
2019 оны зургадугаар сарын байдлаар А80 автобензин 640 ам.доллар/тонн, АИ92 автобензин 670 ам.доллар/тонн, дизель түлш 639 ам.доллар/тонн болж өнгөрсөн тавдугаар сартай харьцуулахад тухайлбал, А-80, АИ-92 автобензин тонн тутамдаа 52 ам.доллар, дизель түлш нэг ам.доллараар тус тус буурсан байна.
Тиймээс ШӨХТГ-аас гадаад зах зээлийн үнэ буурсантай уялдуулан шатахууны үнийг бууруулах шаардлагыг импортлогч компаниудад хүргүүлж байгаагаа ийнхүү дуулгалаа. Энэ сарын 17-н гэхэд шатахууны үнээ бууруулаагүй бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох саналыг ШӨХТГ-аас УУХҮЯ-нд хүргүүлнэ гэлээ.