Засгийн газар өнгөрсөн лхагва гаригийн хуралдаанаараа Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоол төслийг хэлэлцсэн.
АТГ байгуулагдсан цагаас тус газрын хувьд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орж байгаагүй юм. Одоогийн байдлаар тус газар 172 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Анх тус газрыг 145 хүний орон тоотой байгуулсан бөгөөд 2014 онд Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг АТГ-т шилжүүлсэнтэй холбоотойгоор 27 албан хаагчаар орон тоо нэмэгдсэн байдаг. Гэвч нийтдээ 172 болж өссөн орон тооны 27 буюу Прокурорын Мөрдөн байцаах албанаас ирсэн 27 албан хаагчийн орон тоог УИХ баталгаажуулаагүй явсан юм.
АТГ-ын Мөрдөн шалгах алба 28 байцаачтай үйл ажиллагаа явуулдаг. Нэг байцаагчид 20-25 хэрэг ногддог нь мөрдөн байцаагчдад ачаалал нэмдэг байна.
Тиймээс тус байгууллагын орон тоо, бүтэцийг өөрчлөх асуудлыг өчигдөр УИХ хэлэлцэн тус газрын гүйцэтгэх ажилтны орон тоог 60-аар нэмэгдүүлэх нь ажлын хэт ачааллыг бууруулах тал дээр “зүтгэл” гаргаад байна.
АТГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэгдэн гарснаар хэрэгжиж эхэлнэ.