Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр (2019-06-14) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Түүнд хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн асуудлаар мэдээлэл хийнэ гэсэн хүлээлттэй байсан бол тэрээр өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхлээд буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлсэн юм.
АН-ын дарга С.Эрдэнэ “Сая УИХ-ын чуулган дээр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үеэр АН-ын зөвлөл оролцох боломжгүй гэсэн байр сууриа илэрхийлээд хурлыг орхиж гарлаа. Бид өнөөдөр улс төрийн шийдвэрээ гаргана.
Ёс зүйгүй, эрх зүйн чадамжгүй ийм нам, УИХ эцэг хуульд гар хүрэх ёсгүй гэж үзэж байна. Мөн энэ хуулийн өөрчлөлт процедурын алдаа гаргаж байна.
Иймд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг эрх баригч нам олонхоороо хүч түрэмгийлэх байдлаар батлахыг оролдвол АН байж болох бүхий л улс төрийн акцийг хийнэ. Бусад улс төрийн нам болон нийт ард түмэнтэйгээ хамтарч тэмцлийн бүхий л хэлбэрийг ашиглана” гэлээ.