ЦЕГ-аас орон нутгийн замд гарч буй ослын нөхцөл байдал болон цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Урин дулааны улирал эхэлж, хөдөө орон нутгийг чиглэсэн урсгал хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулж өнөөдрөөс эхлэн “Орон нутгийн замын хяналт, хөдөлгөөний соёл 2019” нэгдсэн арга хэмжээг эхлүүлж байна. Орон нутгийн замд үйлдэгддэг осол хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын соёлыг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулах зорилгоор энэ арга хэмжээг сүүлийн жилүүдэд тогтмол зохион байгуулж байгаа юм. 2018 онд уг арга хэмжээний хүрээнд нийслэлд 207, орон нутагт 232 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр 188 цэгт 24 цагаар ажилласан байна. Дунджаар 81 мянга гаруй зам тээврийн ослын дуудлагыг хүлээн авч 29 мянган зам тээврийн ослыг бүртгэн шалгаж байгаа юм байна. Зөрчилд холбогдогсдын 75 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл, 81 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл байна гэсэн судалгаа гарчээ.
Энэ жил дээрх арга хэмжээ зургадугаар сарын 15-наас есдүгээр сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ. Нийт осол хэргийн улмаас нас барсан иргэдийн 70 орчим хувь нь 6-9 дүгээр сарын хугацаанд осолдсон байдаг аж. Орон нутгийн замын хөдөлгөөнд оролцогчдын 70-80 орчим хувь нь хөдөлгөөний хурдыг 50-80 орчим км/ц-аар хэтрүүлдэг, 97 хувь нь зорчигч болон хүүхдийг буруу тээвэрлэснээс осол хэрэг гарч байгаа гэсэн судалгаа байна. Мөн хөдөлгөөнд оролцогчдын 78 хувь нь шөний цагт гэрлээ шилжүүлдэггүй, зогсолт болон түр зогсох хөдөлгөөнийг буруу хийдэг, согтууруулах ундаа хэрэглэдэг, бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцдог зэрэг хүчин зүйлүүдээс осол хэрэг гардаг байна.
Цагдаагийн байгууллагын “хар цэг”-ийн судалгааг түшиглэн эргүүл, постыг 24 цагаар ажиллуулах үүрэг чиглэлүүдийг өгсөн байна. “Хар цэг” гэдэг нь осол их гардаг байршлыг тодорхойлон хэлдэг юм байна. ТЦА 2018 онд осол гараад байгаа хар цэг гэж тэмдэглэгдсэн 16 цэгийг байхгүй болгожээ. Мөн 50 цэгт анхааруулах самбар, тэмдэг байршуулсан бөгөөд цаашид хар цэгүүдийг бүрмөсөн байхгүй болгох чиглэлээр ажиллаж байгаа гэлээ.
Өнгөрсөн жил зарим аймгуудад осол хэрэг өссөн үзүүлэлттэй гарсныг мөн энэ үеэр дурдлаа. Тухайлбал, Баян-Өлгий, Баянхонгор, Төв аймагт зам тээврийн ашиглалтын эсрэг гэмт хэрэг 2-2.5 дахин өссөн. Хэргийн улмаас амь насаа алдсан тоон хэргийн үзүүлэлт Архангай, Баянхонгор, Булган, Төв аймагт 2-2.6 дахин, Говьсүмбэр, Завхан, Орхон, Сүхбаатар, Төв, Хөвсгөл аймагт 2.6-7 дахин өсчээ.
Өнгөрсөн онд бүх аймгууд, зарим аймгуудын цагдаагийн салбар нэгжүүд хурд хэмжигчтэй болсон байна. Хурд хэмжигчийг иргэдийн төсөөлөлд тохируулж ашиглаж байгаа аж. Жишээлбэл, Хэнтий аймгийн Өндөрхаан суманд гурван цагийн хугацаанд хурд хэмжихэд тэнд нэгж хугацаанд өнгөрч байгаа 200 тээврийн хэрэгслийн 190 нь хурд хэтрүүлжээ. Энэ байдал тэнд гурван цаг хурд хэмжихэд байхгүй болсон гэнэ. Ингээд цааш 4 км яваад хэмжихэд хурд хэтрүүлэх явдал давтагддаг байна. Тэгэхээр иргэдийн өөрсдийн ухамсаргүй, хариуцлагагүй байдал осол хэргийн маш өндөр хувийг эзэлж байгаа гэдгийг ТЦА-наас тодотгож байлаа.