Засгийн газраас Түрээсийн орон сууцыг түрээслүүлэх эрхийг Засаг дарга нарт шилжүүлнэ гэж мэдэгдсэн. Тухайлбал, нийслэлд ашиглалтад орж буй 972 айлын орон сууцыг түрээслүүлэх ажлыг Нийслэлийн Засаг дарга хариуцна гэсэн үг. Энэ мэдээллийн дагуу түрээсийн орон сууц сонирхсон иргэд НОСК дээр багагүй ачаалал үүсгээд эхэлжээ. Тус байгууллагын зүгээс иргэдэд зөвлөгөө мэдээлэл хүргэж ажиллаж байгаа бөгөөд албан ёсоор эрх нь шилжиж ирээгүй, журам нь батлагдаагүй учраас 972 айлын түрээсийн орон сууцны бүртгэл эхлээгүй гэсэн мэдээллийг өгч байгаа юм.
Гэхдээ НОСК-ийн мэдээллийн сангийн цахим бүртгэлд иргэд бүртгүүлэх боломжтой ба энэ нь ерөнхий бүртгэл аж. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хэмжээнд НОСК-аас хэрэгжүүлж байгаа нийт төслүүдэд хэчнээн иргэн хамрагдахыг хүсч байна вэ гэсэн тоо баримтыг бүрдүүлж байгаа юм байна. Иргэд мэдээллийн санд бүртгүүлэхдээ nosk.ub.gov.mn цахим хуудас болон гар утасны программ хангамж ашиглан өөрийн сонирхсон төсөл хөтөлбөртөө бүртгүүлж хүсэлт илгээх бүрэн боломжтой.
НОСК-ийг зорьж байгаа иргэдийн дийлэнх нь одоо ашиглалтад орж буй 972 айлын орон сууцны бүртгэлд хамрагдахыг хүсч, энэ талаар лавлаж байлаа.
972 айлын түрээсийн орон сууцны албан ёсны цахим бүртгэл эхлэх тов тодорхойгүй байна. Учир нь Засгийн газраас шийдвэр гарч Нийслэлийн Засаг даргад түрээсийн орон сууцыг иргэдэд түрээслүүлэх ажлыг зохион байгуулах эрх нь шилжиж ирэх учиртай. Түрээсийн орон сууцыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн тул Нийслэлийн Засаг дарга Хөгжлийн банктай гэрээ хийнэ. Ингээд НИТХ-аар түрээсийн журмыг хэлэлцэж баталсны дараа НОСК-ийн бүртгэлийн ажил эхлэх юм. Орон нутгийн түрээсийн орон сууцны асуудал ч дээрх процессоор явагдана.
Одоогоор түрээсийн орон сууц нийслэлд шилжиж ирээгүй байгаа учраас холбогдох албаныхан тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. Ямартай ч өнгөрсөн жил бүртгүүлсэн иргэдийн хувьд мөн шинээр батлагдах журмыг дагаж мөрдөх аж.
Ийнхүү журам батлагдсаны дараа албан ёсны цахим бүртгэл эхлэх талаар албаныхан олон нийтэд мэдээлэл өгөх юм байна.