Хөх хот дахь Монгол Улсын Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ БНХАУ-д хууль бус наймааны асуудлаар шалгагдаж эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. БНХАУ Ерөнхий консултай хууль бус наймаа хийсэн иргэдээ шоронд хорьсон бол тэдгээр хүмүүсийн нэг Вао Чин Сунгийн эхнэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, АТГ-т өргөдөл гаргаад байгаа аж.
Энэ талаар Монгол Улсын иргэн н.Оюун-Эрдэнэтэй утсаар ярьж доорх тодруулгыг авлаа. Гэхдээ тэр энэ яриаг албан бус яриа гэж тодотгоод “би хэвлэл мэдээлэлд одоогоор яриа өгөхгүй” гэдгээ ч хэлж байлаа. Тэр одоо Эрээн хотод хоёр хүүхдийнхээ хамт амьдарч байгаа юм байна.
Монгол Улсыг төлөөлөн Хөх хотод сууж буй консул дипломат ёсноос гажууд, ёс зүйгүй асуудалд нэр холбогдсон учраас хэрэг явдлыг тодруулж, олон нийтэд хүргэх нь зөв гэж редакцийн зүгээс бид үзсэн болно. Тиймээс албан бус яриаг нийтэд хүргэж байгаадаа н.Оюун-Эрдэнээс хүлцэл өчье.
-Таны нөхөр Хөх хотын Ерөнхий консултай автомашин наймаалцсан хэргээр Хятадад шоронд хоригдож байгаа юм байна. Энэ талаар тодорхой мэдээлэл авах гэж Тантай холбогдлоо. Болсон явлын талаар тодорхой ярьж болох уу?
-Өглөө (2019.06.10) надтай хэвлэл мэдээллээс ярьж байна гээд хүмүүс ярьсан. Би тэгээд яагаад энэ мэдээлэл цацагдаад яваад байна вэ жоохон уурласан. Та нарыг би шүүхэд өгдөг ч юм уу, яадаг юм билээ гэсэн. Тэгтэл тэд “Бид үүнийг хувь хүнээс аваагүй. Засгийн газрын албаны эх сурвалжаас авсан” гэж хэлсэн.
Одоогийн байдлаар би албан ёсоор хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхгүй. Би энэ байдлыг дахиад хэсэг хугацаанд харна. Болохоо байвал би Монголдоо хэвлэлийн бага хурал зарлана гэж ярьчихаад байж байгаа. Үүнд маш их шалтгаан байгаа учраас би өнөөдөр хэвлэлийн байгууллагад албан ёсоор ярилцлага өгье гэж бодохгүй байна.
-Консулаас машин худалдаж аваад л танай нөхөр хохирогч болчихсон юм уу?
-Ер нь тиймэрхүү маяг байгаа.
-Танай нөхөр зургаан сар хоригдож байгаа гэж үнэн үү?
-Тийм, зургаан сар сууж байна.
-Гаргаж авах боломж байхгүй юу. Хятадын хуулийн байгууллагаас ямар тайлбар өгч байх юм?
-Би бас Хятадын хуулийг нарийн, тодорхой мэдэхгүй учраас сайн мэдэхгүй байна. Одоогийн байдлаар би хүлээх маягтай л байж байна. Хятад бол хууль чангатай улс. Би бол хувьдаа манай гэр бүл хохирсон гэж үзэж байгаа. Яагаад гэвэл бид зүгээр өөрсдөө хөрөнгөө гаргаад хүнээс юм авлаа гэсэн чинь хохирогч болоод яваад байна.
Энэ талаар ярих юм бол аймар, үлгэр шиг, олон дараалалтай юм яригдана. Бид Д.Мөнх-Эрдэнээс албан ёсоор юм аваагүй. Дам дам юм болсон. Д.Мөнх-Эрдэнэ хэнтэй холбоотой вэ гэдгийг бас ярьж болохгүй. Энэ бол утсаар ч ярьчих юм биш. Одоогийн байдлаар би хэсэг хугацаанд харзнаж байгаад, хууль дүрэм нь яаж шийдэх нь үү, тухайн үеийн байдлаас болъё гээд хүлээгээд байж байна.
-Та ер нь консул Д.Мөнх-Эрдэнэтэй уулзаж үзсэн үү. Тэр хүн юу гэж байх юм?
-Уулзалгүй яахав. Юу гэж хэлэх юм бэ дээ. Ярих юм бол зөндөө юм байна. Тэр бүхнийг та нарт ярьж болохгүй байна.
-Гэхдээ тэр хүн хүний хувиар юу гэж хэлэх юм бэ. Уучлаарай, надаас болоод ийм асуудал үүслээ гэдэг ч юм уу. Тийм хүн ёсны анхаарал тавих юм уу?
-Тиймэрхүү байдлаар ярьж байгаа юм бол байхгүй. Яг тэгж уучлалт гуйсан юм одоогоор байхгүй. Хэрэв уучлалт гуйгаад арай өөр байсан бол би бас Монгол руу, төр засаг, хуулийн байгууллагад өгөх байсан уу, үгүй юу тийм биз дээ.
Хамгийн гол нь би өнөөдөр хүний газарт байна. Миний бага хүүхэд хөхүүл, нялх хүүхэдтэйгээ би ажил хийж чадахгүй. Манай нөхрийг авч явахад эндхийн хуулийн байгууллага нь бидний хамаг юм, картыг битүүмжлээд аваад явчихсан.
Охин маань бага сургуулийн сурагч. Би маш хүнд байдалд байгаа учраас би тэр хүмүүсийг надад туслах нь уу гэж их харсан. Аргаа бараад, энэ хүмүүс яах ийх нь тодорхойгүй, миний хоёр хүүхдийн ирээдүй бүрхэг болонгуут би Монгол руу хандсан. Би чинь өөрөө Монгол Улсын иргэн.
-Консул Д.Мөнх-Эрдэнэ зугтдаг ч юм уу, асуудлаас бултах хандлаг үзүүлдэг, тийм таагүй хандах тохиолдол гарч байсан юм биш биз?
-Тийм юм бол байхгүй ээ. Гэхдээ тэр хүний цаад асуудлыг би мэдэхгүй. Тэр хүнтэй олон харьцаж, олон ч уулзаж яваагүй болохоор сайн мэдэхгүй байна.
-Д.Мөнх-Эрдэнийн архи уусан, таваг долоосон зураг интернэтэд явж байх юм. Та түүнийг архи уудагийг мэдэх үү?
-Тэрийг нь би ёстой мэдэхгүй. Тэр хүний талаар би худлаа мэдээлэл өгөхгүй. Би мэддэг юмаа мэднэ. Хамгийн гол нь би өөрөө албан ёсоор мэдээлэл өгөөгүй. Яагаад гэвэл Оюун-Эрдэнэ гэдэг хүн өөрөө ярилцлага, мэдээлэл өглөө гээд сайт дээр гарах юм бол бас муухай асуудал болох байх.
2 comments
Hujaa dagasan l bol dagasan ter chigtee yavda
Хятад дагасан хүүхнүүдийг хашраасан бололтой . Хоёрын хоёр эрлийз хүүхэд гаргачихаад Монгол улсын иргэн гээд орилоод байх шаардлагагүй байхаа