Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгээс өнгөрсөн долоо хоногт “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг шинэчлэн батлах тухай, “Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” асуудлаар завсарлага авсан. Тэгвэл өчигдрийн НИТХ-ын ээлжит XXV хуралдааны эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг шинэчлэн батлах тухай төслийн танилцуулгыг хуралдаанд оролцогчдод хүргэлээ.
Тэрбээр “Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх байгууллагын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, 2018 оны эцсийн байдлаар 13.799-д хүрээд байна. Уг харилцааг зохицуулсан зохицуулалт одоогоор байхгүй, 2014 онд “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг баталж байсан. Гэвч Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулсан тул тус журам эрх зүйн чадамжгүй болж, шинэчлэн, боловсронгуй болгох шаардлага зайлшгүй тулгарч байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зориулалтын бус байранд хүнсний бүтээгдэхүүн худалдаж байгаагаас үүдэн нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдал алдагдаж байна” гэв.
Журмын төслийн танилцуулгыг төлөөлөгчид болон хуралдаанд оролцогчид сонссоны дараа төлөөлөгч М.Тулгат АН-ын бүлгийн дүгнэлт, саналыг уншиж, танилцуулсан юм. Санал, дүгнэлтэд “Худалдаа үйлчилгээ эрхлэх, зөвшөөрөл олгох үйл явцыг нийслэлд төвлөрүүлэх бус дүүргүүд зэрэг иргэдэд ойртуулж өгснийг дэмжиж байна” гээд зарим заалтад өөрчлөлт оруулах саналтай байгаагаа хэлэв. Нийслэлийн ИТХ-ын Хууль, эрх зүйн хороо болон Нийгмийн бодлогын хорооноос журмын төслийг хэлэлцэхийг мөн дэмжлээ. Ингэхдээ сургууль, цэцэрлэгийн орчин, орон сууцны I давхарт үйл ажиллагаа явуулж буй дэлгүүрт согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл өгөхгүй байхад анхаарах хэрэгтэй гэсэн санал гаргасан юм.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Энэ журмыг баталж байгаа гол зорилго нь түргэн үйлчилгээний цэгүүдийн бизнес эрхлэгч иргэдийн эрх ашгийг хангах, аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчлэх боломжийг бүрдүүлэх юм” хэмээлээ.
Хуралдаанаар хэлэлцсэн “Нийслэлийн нутаг дэвсгэр худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг шинэчлэн батлах тухай төслийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналаар баталлаа.
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва баталсан журмын талаар “Таван мянга гаруй иргэний аж амьдралтай чухал журмыг хэлэлцэн баталлаа. ТҮЦ-ээр хадгалалтын горим алдагдахгүй, шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн худалдуулах саналыг олонх төлөөлөгч гаргаж, дэмжлээ. Ингэснээр бизнес эрхлэгч журам, дүрмийн дагуу үйл ажиллагаатай явуулах нөхцөл бүрдэж байна” гэсэн юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
1 comment
Хороолын гадаа Нарантуул зах нүүгээд ирцэн аятай битүү худалдаа ямар муухай юм бэээ