Тогтоолын төслүүдийг баталлаа

УИХ-ын чуулганы өчигдрийн /2019.06.06/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлтэй холбогдуулан боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.1 хувийн саналаар баталлаа.

Дараа нь “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асууж, тодруулах гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 53.5 хувийн саналаар тогтоолыг баталлаа.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа

Мөн хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

Эдийн засгийн байнгын хороо төслийн эцсийн хэлэлцүүлгийг энэ сарын 05-ны өдөр хийж, хуулийн төслийг хууль зүйн техникийн талаас хянан үзэж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг төсөлд тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асуусан. Тэрбээр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт нарны цахилгаан станц байгуулах эсэхийг тодруулаад үүний оронд Хэрлэн голыг түшиглэн УЦС барих асуудлыг судалж үзэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн юм.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн хариулснаар, Хэнтийн бүс нутагт Хэрлэн голыг түшиглэн усан цахилгаан станц байгуулах боломжийг судалж үзэж байгаа бөгөөд боломжтой гэсэн дүгнэлт гарвал санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр ярилцаж буй аж. Харин Цэнхэрмандал сумын нутагт нарны цахилгаан станц байгуулах хүсэлтийг салбарын яаманд албан ёсоор ирүүлээгүй гэлээ. Эцэст нь хуулийн төслийг батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 62.8 хувь нь дэмжсэнээр хууль батлагдлаа.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа

Дараа нь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Хууль зүйн байнгын хороо энэ сарын 05-ны өдрийн хуралдаанаараа төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр нэр томьёо, үг хэллэг, дэс дараалал, бүтэц, найруулгын шинжтэй засварыг төсөлд тусган, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмэн, төслийн эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ.

Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн