АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британид төрийн айлчлал хийж буй. Тэрээр АНУ, Их Британийн харилцаа холбоо агуу болохыг даваа гарагт онцолсон байна.
Д.Трамп, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй нарын уулзалтын дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч хэлэхдээ, Их Британийг ЕХ-ноос гарсны дараа худалдааны хэлэлцээр байгуулна хэмээн амлажээ.
Т.Мэйн хувьд хоёр орны төлөөлөгчид тохиролцоонд хүрэхийн тулд худалдааны олон хэлэлцээ өрнүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Хөдөлмөрийн намын дарга Жереми Корбинтой хийх уулзалтаа цуцалсан гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн. Ж.Корбин Вестминстер хотын жагсагчдад хандан үг хэлсэн аж.
“Т.Мэй “Brexit”-ийн хэлэлцээг маш сайн явуулсан бөгөөд тэрбээр надаас сайн хэлэлцээ өрнүүлэгч байж магадгүй” гэж Д.Трамп хэлжээ. Энэхүү уулзалт Т.Мэй Ерөнхий сайдын албан тушаалаас огцрохоос хэдхэн хоногийн өмнө болсон юм.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч “Brexit” намын дарга Найжел Фаражтай АНУ-ын Элчин сайдын яамны байранд мягмар гарагт уулзжээ. Уг уулзалтыг амжилттай болсон талаар Н.Фараж твиттер хуудсандаа нийтлээд, Д.Трамп Их Британи ЕХ-ноос гарахыг дэмжиж байгаа хэмээн бичжээ.
Үүний зэрэгцээ Д.Трампын айлчлалыг эсэргүүцэгчид Лондон хотын төвд болон Глазго, Эдинбург, Шеффилд хотод цуглан эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Д.Трамп айлчлалынхаа хоёр дахь өдөр Рижентс-парк дахь Элчин сайдын яамандаа хүндэтгэлийн оройн зоог зохион байгуулжээ.
Хүлээн авалтад хүндэт зочны хувиар хунтайж Чарльз болон түүний гэргий Камиллагаас гадна, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй нөхөр Филипийн хамт оролцсон байна. Хүндэтгэлийн оройн зоогт нийтдээ 16 зочин уригджээ.
Зуушинд базилик /гаат өвс/, шинэхэн итали бяслагтай улаан лооль өсгсөн бол оройн зоогийн цэсний үндсэн хоол нь нимгэн хэрчсэн төмс, луувангийн хачиртай үхрийн гол мах байжээ. Зочдыг Калифорнийн хойд нутгийн “Iron Horse” пүүсийн дарсаар дайлсан байна.
Айлчлалын сүүлийн өдөр буюу лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч гэргийн хамтаар Портсмут хотод Нормандад холбоотны цэрэг буусны ойд зориулсан үйл ажиллагаанд оролцоно. Трамп Их Британиас Ирландыг зорих бөгөөд тус улсын Ерөнхий сайд Лео Варадкартай хэлэлцээ хийх юм.
МОНЦАМЭ