Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу махны үнэ өсөлтийн байдалд хяналт шалгалтын ажиллагааг явуулж, иргэд хэрэглэгчдээс ирүүлсэн гомдлыг барагдуулан ажиллаж байгаа юм байна.
Он гарсаар ШӨХТГ-аас мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа, үнэ бүрдэлт, үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор мах боловсруулах, худалдаалах шат дамжлагад судалгаа, хяналт шалгалтуудыг хийж, дүгнэлт санал, зөвлөмжүүдийг гаргасан байна.
Тухайлбал агентлагийн даргын баталсан 2019 01.04-ны 1/01 тоот удирдамжийн дагуу “Эмээлт зах”, “Эмээлтийн мах нядалгааны газар”, “Саян хан” ХХК, “Шилүүст сүмбэр”, “Ди Эф интертейшнл трейд” ХХК, “Хүчит шонхор” худалдааны төвүүдийг тус тус хамруулж, хяналт шалгалтын ажиллагааг явуулахад үнийн өсөлтөд дараах хүчин зүйлс нөлөөлж байна гэж дүгнэжээ. Үүнд:
- Мал, мах бэлтгэлийн нэгдсэн тогтолцоо бүрдээгүй, малчдаас махны дотоодын худалдаанд ченжийн системээр олон шат дамжлагатайгаар иргэдийн гарт хүрч байна,
- Орон нутагт махны чиглэлийн хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд байгуулагдаж, малчдаас их хэмжээгээр бог мал авч, махыг нөөцөлж байна,
- ХХААХҮЯ мах нөөцлөх, бэлтгэх, хадгалах ажлыг хангалтгүй зохион байгуулсан, 2017 онд 15.0 тн, 2018 онд 13.0 тн махыг нөөцөлж байсан бол энэ жил 4,0 тн махыг бэлтгэсэн нь үнэ өсөхөд нөлөөлсөн,
- Дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн /хонь, ямааны мах/-ий экспортод квот тогтоогоогүй бөгөөд үйлдвэрийн бус аргаар төхөөрсөн, экспортлох эрхтэй боловч өөрийн үйлдвэрт боловсруулаагүй махыг “Хүчит шонхор” захаас их хэмжээгээр бөөндөж авдаг зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон байна.
ШӨХТГ-аас мах бэлтгэх, нийлүүлэх, худалдаалах зах зээлд монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгч тогтоогдоогүй тул махны үнийг шууд хянах хуулийн зохицуулалт байхгүй. Харин цаашид дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байгаа гэж үзжээ. Үүнд:
- Хүнсний тухай хууль болон бусад хуулиар хүлээсэн чиг үүргээ холбогдох төрийн бүх шатны байгууллагууд чиглэл чиглэлийнхээ хүрээнд хэрэгжүүлэх,
- Төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулж харилцан мэдээллээ солилцож байх,
- Хүнсний аюулгүй байдлын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг хангах, боловсронгуй болгох санал, зөвлөмж гаргах, тэдгээрийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх үүрэг бүхий
- Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын алба идэвхтэй ажиллах,
- Хүнсний тухай хуулиар нутаг дэвсгэрийнхээ хүн амыг стратегийн хүнсээр тогтвортой хүртээмжтэй хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй Аймаг, нийслэлийн зарим Засаг дарга нар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх,
- Хүнсний тухай хуулиар хүлээсэн үүргийн дагуу улсын нөөцийн мах бэлтгэх ажлыг Нийслэлийн Засаг дарга урьдын адил зохион байгуулж ажиллах,
- Мах бэлтгэж, нөөцөлж байгаа ААН-ийн үйл ажиллагаанд хяналтыг сайжруулах,
- Мах бэлтгэх, нөөцлөх тогтолцоог өөрчлөх, шат дамжлагыг багасгах,
- Экспортын хонь ямааны маханд тавих хяналтыг сайжруулж, квоттой болгох.