БНХАУ-д улаан буудайн гурил болон хөх тарианы гурил экспортлох хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжийн гурилын үйлдвэрт эрсдэлийн хянан магадлагаа хийх тус улсын Гаалийн ерөнхий газрын ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 29-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай Монгол Улсад ажиллана.
Эрсдлийн хянан магадлагааны баг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй улаан буудай болон хөх тарианы гурилын 12 үйлдвэрийн үйл ажиллагаанд ургамлын хорио цээр, ариун цэвэр эрүүл ахуй, технологийн мөрдөлт, гурил үйлдвэрлэх, хадгалах, бусад нөөц боломжийг газар дээр нь ирж судлан үнэлгээ, дүгнэлт өгнө.
Үнэлгээгээр хорио цээрийн шаардлага хангасан гурилын үйлдвэрүүд цаашид улаан буудайн болон хөх тарианы гурилаа БНХАУ-д экспортлох нөхцөл бүрдэх аж.
Эх сурвалж: МХЕГ