Дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчуудынхаа дуу хоолойг хүргэх зорилготой “Миний Монгол” булангийн /”Зууны мэдээ” сонин/ ээлжит зочноор Польш улсад жүжигчнээр ажиллаж, амьдарч байгаа Ж.Мишээлийг урилаа. Тэрээр Монголын үндэсний кино хорооны төсөл хариуцсан захирлын ажлыг давхар гүйцэтгэдэг аж.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Гадаад улсад жүжигчний мэргэжлээр ажиллана гэдэг тийм ч амархан даваа биш байх. Энэ хүртэл Ж.Мишээл хэрхэн явж ирснийг манай уншигчдад сонирхуулаач?
-Танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Жаргалсайханы Мишээл гэдэг. Намайг гурван настай байхад аав ээж хоёр минь Польш улсад ажиллахаар очсон. Үүнээс хойш 27 жил энд суурьшин амьдарч байна. Намайг есөн настай байхад аав ээж хоёрын таньдаг польш найз утасдаад “7-10 насны хүүхдүүдийг кинонд тоглуулахаар шалгаж байна. Охиноо оруулахгүй юм уу” гэж асууснаар 2500 хүүхдээс долоон шат давсны эцэст гол дүрд үлдэж байлаа.
-Анхны киноныхоо дурсамжаас хуваалцаач?
-“Өргөмөл гэр бүл” гээд инээдмийн кино байсан. Миний ихэр охинд эрлийз хар арьстай охин тоглосон. Уг нь бид хоёр нэг дүрийн төлөө өрсөлдөж байсан юм. Тэгээд сүүлдээ продюсерүүд нь энэ хоёрыг хоёуланг нь аваад инээдэмтэй сэдэв нэмье гэж бодсон юм билээ. Яагаад ихэр юм бэ гэхээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэдтэй польш айл гурван хүүхэд өргөж авсан өвөрмөц, инээдтэй гэр бүл болдог. Багаасаа эцэг эхгүй өссөн болохоор өөрсдийгөө ихэр гээд бодчихсон байдаг.
Би ихэр охидын Жошад тоглосон. Эхний гурван ангийг хийхэд хүмүүс сайхан хүлээж авсан учир 52 ангиар төлөвлөж байсан кино маань 13 жилийн хугацаанд үргэлжилсэн. Би энэ кинонд яг 10 жил буюу 460 гаруй ангид нь Польшийн мундаг жүжигчидтэй тоглосон. Миний өнгөрсөн амьдралын 50 хувь нь энэ киноны гэр бүлтэй өнгөрсөн гэсэн үг. Киноны зохиолд нэг монгол ах Польш руу ирж намайг олоод Канад руу авч явдаг. Энэ дүрд Батжаргал ах тоглосон. Кинон дээрээ бид хоёр монголоор ярьдаг. Хүмүүс намайг польшуудын нүдэн дээр өссөн гэж ярьдаг.
– Энэ улсад жүжигчнээр суралцаж төгссөн үү?
-Ээж, эмээ хоёр эмч, аав хуульч мэргэжилтэй. Миний багын мөрөөдөл эмч болох байсан ч санаандгүй байдлаар кинотой холбогдсон. Гэхдээ эмч болох мөрөөдөл минь сэтгэлд байгаад байсан учир сургуулиа төгсөөд анагаах ухааны шалгалт өгье гэсэн шийдвэр гаргасан. “Одоо би киноноосоо гарах хэрэгтэй боллоо” гэхэд минь найруулагчид ойлгож хүлээж авсан. Хүүхэд байхдаа л эмч болно гэж төлөвлөчихөөд 10 жил ярьсан учир явуулахаас аргагүй болсон байх. Ингээд зургаан жилийн хугацаанд урлагаа завсарлаж Варшавын анагаахад суралцсан.
Харин төгсдөг жил Польшийн нэг том продакшнаас залгаад спортын шоунд оролцохыг урихад нь татгалзсан хариу өгөхөд “Мишээлээ чи олон жил алга болсон, одоо цаг нь болсон буцаж ир. Хүмүүс чамайг санаж байна” гэсэн. Энэ шоунд зөвхөн жүжигчид биш дуучид, олимпийн аваргууд болон олон нийтийн танил хүмүүсийн дунд “Өргөмөл гэр бүл” киноны манай эгчийн дүрд тоглосон, миний хамгийн сайн найз байсан. Тэр над руу залгаад “Хоёулаа дахин хамт ажиллах юм байна” гэхээр нь оролцохыг зөвшөөрсөн.
Олон жил киноноос холдсон болохоор хүмүүс намайг танихгүй байх гэж бодсон. Гэтэл манай кино байнга давтаж гардаг, хүмүүс намайг том болсныг ч мэдэхгүй жаахнаар нь бодож байсан. Гэсэн ч миний нүүр нэг их өөрчлөгдөөгүй болохоор польшууд намайг идэвхтэй дэмжсэн учраас би финалд үлдсэн нь надад их том сургамж болсон. “Ямар ч гэсэн энэ шоу дууссаны дараа алга болох нь дэмий юм байна. Миний тоглосон киног үзэх дуртай юм байна” гэдгийг мэдэрсэн. Хэдийгээр анагаахаар төгссөн ч урлагаар өөрийгөө хөгжүүлж, ажиллая гэж шийдээд “Ододтой бүжиглэе” шоунд Польшид олон жил бүжиглэлээ. Энэ шоунуудыг тогтмол 3.5 сая хүн үздэг. Бас зөвхөн жүжигчин гэхгүйгээр хөтлөгч, хүүхдийн кинонд хүртэл дуу оруулсан. Ер нь урлагаар Польшийн бүх салбарт өөрийгөө сорьж байна. Энэ дундаас хамгийн их таалагдсан нь хөтлөгч хийх байсан.
-Ингэхэд та Польшид хэдэн жил ажилласан гэсэн үг вэ. Монгол орноо хэр сурталчилж байна даа?
-Польшийн урлагт 20 жил ажилласны ой өнгөрсөн жил болсон. Дүүтэйгээ хамт зуны амралтаараа нутагтаа ирдэг байсан болохоор өвөө, эмээтэйгээ ойрхон өссөн. Манай өвөө морь уядаг, бид хоёрыг ирэхээр хөдөө гардаг байсан учраас морь унаж сурсан. Миний амьдралын суурийг эмээ минь тавьсан гэж боддог. Монгол ёс заншил, зөв юм хийвэл буцаж ирдэг гэдгийг миний сэтгэлд гүн суулгаж өгсөн болохоор үүнийг хэн ч, хэзээ ч өөрчилж чадахгүй.
Би хоёр нутагт өссөн, хоёр нутагтай учраас Монгол, Польш хоёрыг ямар аргаар ойртуулж холбох вэ гэж ээж бид хоёр их ярьдаг байсан. Тэгээд удаан бодсоны эцэст урлагаараа холбох нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Тиймээс “Өргөмөл гэр бүл” киногоо Монголд гаргах хүсэлтэй байгаа. Би оролцсон ажил болгондоо Монголын тухай нэг зүйл заавал оруулахыг хичээдэг. Тухайлбал, ярилцлага авахад нь дандаа Монголынхоо газар нутаг, түүх, соёл, урлагийг ярьдаг. Польшууд Монголыг их сонирхдог. Хамтарч хийе, очьё гэсэн санаа олон гарсан.
-Төлөвлөсөн ажлаа хийхэд юу саад болж байна вэ?
-Тухайлбал, миний хэрэгтэй зүйлүүдийг хангаж өгөх кино хороо алга. Дэлхийн орон бүрт кино хороо гэж байдаг. Кино хороо нь гаднаас ирсэн хүмүүсийг хэрэгтэй зүйлээр нь хангаж өгдөг. Жүжигчин, продюсер, найруулагчаас гадна жолооч, байр, тогооч, нүүр хувиргагч, хөгжмийн хүмүүс, хувцас, тусгай зөвшөөрлүүд гээд. Тухайлбал, гадны кино зураг авалт нь Сүхбаатарын талбайд боллоо гэхэд тухайн газрын хөдөлгөөнийг хаах, хөдөө бол зам, гүүр хаах ажлыг кино хороо зохицуулж өгдөг.
Монголд кино хороо байдаггүй болохоор польшуудтай бодож байсан төслүүдээ бүтээж чадаагүй. Би монголоор аялгатай ярьдаг учир нэг сарын дотор зохицуулахад үнэхээр хэцүү. Интернэтээр хайя гэхэд ийм бааз байхгүйгээс ажлууд маань түр зогсоод байна. Гэхдээ ирэх бүртээ урлагийн хүмүүстэй танилцаж байгаа болохоор тун найдаж байгаа. Звхөн кино хороо биш Монголын кино урлаг яаж хөгжих, аль зүг рүү хэнтэй хэрхэн хамтарч юу хэрэгтэй байна гэдгийг жүжигчин Оргил ах бид хоёр ярилцаж, санаа нэгдээд энэ ажил дээр хамтдаа хүчээ нийлүүлэхээр болсон. Би Польшид очоод хэнтэй юу ярихаа мэднэ. Тиймээс Монголын кино урлагийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах боломж олдож байна гэдэг нь миний хувьд чухал юм.
-Киногоор дамжуулж Монгол орноо сурталчлах, хөгжүүлэх том зорилго танд байна гэсэн үг үү?
-Тэгэлгүй яахав. Монголын кино урлаг хөгжихөд нийгэм, эдийн засагт том нөлөө үзүүлэх боломж олдож байгаад би баяртай байгаа. Монголд гадны продакшн ирээд байшинд биш байгалийн үзэсгэлэнтэй газарт зураг авалт хийхэд аялал жуулчлал, эдийн засаг дагаад хөгжинө. Үүнтэй кино урлаг холбоотой гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монголын урлагийг гадагш нь сурталчлах нэг том зорилго байна. Хоёрдугаарт, гадаадын уран бүтээлчдийг Монголд авчрах юм.
Ерөнхийдөө Монголыг өвөрмөц кино зураг авалтын цэг болгохыг зорьж байна. Энэ бол хэтрүүлсэн мөрөөдөл биш шүү. Польшийн жуулчид Монголыг их сонирхож байгаа. Надаас хүн бүр “Намайг Монгол руу авч яваач. Яаж очих юм бэ” гэж асуудаг. Польшийн зарим компанийн захирлууд байнга ирдэг. Тэднийг нааш нь татаад жуулчдын хүчээр Монголынхоо эдийн засагт хувь нэмрээ оруулахыг хүсч байна.
-Эмч мэргэжлээ та яасан бэ?
-Анагаах ухааны салбар миний зүрхэнд дандаа тал хувийг эзэлдэг. Эмчээрээ ажиллаагүй. Оюутан байхдаа Монголын эмнэлэгт дадлага хийж байсан. Энэ жил эмнэлгүүдээр явж байдлыг нь харахдаа дэмжлэг хэрэгтэй салбар байна гэж харсан. Энэ салбарт би өөрөө юу хийж болох вэ гэж бодсон. Өөрийнхөө таньдаг Польшийн мундаг эрдэмтэн, профессоруудыг Монголд ирүүлж эмч нарт сургалт хийж өгөөч гэж гуйх гэж байгаа. Гэхдээ энэ хүмүүсийг та нар өөрсдөө зардлаа гаргаад ир гэж хэлэхгүй. Тиймээс надтай хамтарч ажиллах хүн байвал нээлттэй шүү гэж хэлмээр байна.
Р.ОЮУН