Хятадын иргэд АНУ-д бойкот үзүүлж “Apple”-ийн төхөөрөмжүүдийг худалдан авахыг зогсоох хөдөлгөөнийг өнөөдрөөс (2019.05.23) өрнүүлж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын өдөөсөн худалдааны дайнаас болж Хятадын хамгийн том технологийн компани болох “Huawei”-г Америкт хориглоод байгаа билээ.
Анх Хятадын технологийн салбарын тэрбумтан, барууны ертөнцөд “Goldman Sachs”-ын шилдэг эдийн засагчдын нэг байсан гэдгээрээ хамгийн их танигдсан Сем Ли “Миний хувьд анхнаасаа Huawei дэлхийн зах зээлд гарч ирснээр iPhone хэрэглэнэ гэдэг бол ичгэвтэр явдал болсон. Эх оронч хүний хувьд Хятадын технологийн компаниуд iPhone-с ч илүү ухаалаг гар утас үйлдвэрлэж байхад дэмжих нь миний үүрэг юм. Би хэдэн жилийн өмнөөс компанийн ажилчид болон хүрээлэлдээ Huawei хэрэглэхийг уриалж эхэлсэн. Одоо бол Хятадын бараг бүх том компанийн удирдлагууд iPhone биш Huawei хэрэглэдэг болсон.Хэрвээ та iPhone-ийн үнэнч хэрэглэгч бол тун удахгүй 5G технологийн эрин үе эхлэх болно гэдгийг дуулгамаар байна. Үүнд Huawei компани Apple-ийг ардаа хол хаясан байдалтай дэлхийд тэргүүлж байгаа” гэж өөрийн албан ёсны “WeChat”-даа мэдэгджээ.
Америкийн “Apple” компани Хятадын зах зээлийн 9,1 хувийг эзэлж тавдугаар байрт оржээ. Энэ нь “Apple”-ийн нийт орлогын 26 хувийг бүрдүүлсэн аж. Худалдааны дайнаас болж “Huawei”-д тавьсан хориг Өмнөд Солонгосын “Samsung”, Хятадын “Xiaomi”, “OPPO”, “OnePlus” болон “Apple” зэрэг брэндүүдэд зах зээлээ тэлэх том боломж олгоно гэж технологийн салбарын шинжээчид таамаглаж байгаа юм.
Гэтэл өчигдөр Хятадын ухаалаг гар утасны зах зээлд “Apple”-ийн ашиг бараг 30 хувиар буурсан байна. Энэ алдагдлыг валютад шилжүүлбэл энэ онд 15 сая ам.долларт хүрэх аж. Мөн Нью Йоркийн хөрөнгийн биржийн лхагва гаригийн хаалтаар “Apple”-ийн хувьцааны үнэлгээ 2 хувиар буурчээ.
Эх сурвалж: 9to5mac, South China Morning Post, Bussines Insider