Засгийн газрын өнөөдрийн (2019.05.22) хуралдаанаар хүнсний бүтээгдэхүүнүүдийн хангамж, үний асуудал, тэр дундаа махны үнийг тогтвортой байлгах асуудлыг хэлэлцжээ.
Хэлэлцсэн асуудлын талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ. Тэрээр “Махны үнийн өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь дулааны аргаар мах боловсруулдаг үйлдвэрүүд нийслэлийн мах борлуулдаг цэгээс түүхий эдээ татдаг.
Үүнээс үүдэж, үнийн өсөлт явагдсан. Энэ байдлыг таслан зогсоохоор боллоо. Дулааны аргаар мах боловсруулж, экспортод гаргах БНХАУ-тай хийсэн протоколд итгэмжлэгдсэн лабораторид шинжлэгдсэн түүхий эдийг хэрэглэх гэрээний үүрэгтэй.
Гэтэл зах зээл дээрээс шууд түүхий эдээ бэлдэж байна. Эсвэл зах зээл рүү орох замд нь тосч түүхий эд бэлтгэж байгаа нь буруу, эрүүл ахуйн шаардлагыг ч хангахгүй байгаа. Тиймээс Засгийн газраас дулааны аргаар боловсруулж, экспортод гаргах махны хэмжээнд квот тогтооно. Ингэхдээ тухайн жилийнхээ малын өсөлт, махны нөөцлөлтөөс хамаарч жил бүр квотыг тогтоож байхаар холбогдох журамд өөрчлөлт оруулна. Мөн хонь, ямааны маханд квот тогтооно” гэлээ.
Дотоодын зах зээл дээрх махны үнийн өсөлтийг хэвийн барих зорилгын хүрээнд нөөцийн махны хэмжээг нэмэгдүүлэхээр болсон байна. Ирэх онд 15 мянгаас доошгүй тонн мах нөөцлөх зорилт тавьжээ.
Гурил болон төмс хүнсний ногооны хангамж, үнийн хувьд харьцангуй тогтвортой байна гэж тооцсон байна.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.
-Махыг эдийн засгийн эргэлтэд зохистой байдлаар оруулах тал дээр салбар яам хэрхэн анхаарч байна?
-2018 онд 15 тонн махыг эдийн засгийн эргэлтэд оруулсан байна. Өнөөдрийн байдлаар 85 сая мал Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бэлчээрлэж байна. Тиймээс бид малаа эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай байна. Дотоодын зах зээлд үнийн түвшинг буулгах асуудал дээр салбарын яам бодлогын түвшинд анхаарч ажиллана.
-Өмнө нь нөөцийн махыг Нийслэлээс бэлддэг байсан. Яам оролцож байгаа нь зөв үү?
-Нөөц бага бэлдсэн явдал бол зах зээл дээрх махны үнийн өсөлтийг хянаж чадахгүй байдалд хүргэдэг. Өмнө нь нийслэл хариуцдаг байсан. Махны үнийн өсөлтийг салбар яам нь бодлогоор барихын тулд асуудлыг шилжүүлж авсан.
-Дулааны аргаар мах боловсруулж, экспортлогчдод шууд байдлаар хязгаар тавина гэсэн үг үү?
-Гол нь журам дүрэмд нь нийцүүлнэ. Хорьж цагдаад байгаа юм биш. Дотоодын зах зээл дээр махны эрэлт нэмэгдээд байхад экспорт явуулах нь зохимжтой арга биш. Улирлын байдлаар нь зохицуулалт хийнэ. Жилийн дүнгээрээ махны экспорт өсөхгүй.