Засгийн газар 2017 оны гуравдугаар сард Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг 743,058.00 га байхаар баталсан. Гэвч Засгийн газрын энэ шийдвэр өнөөдөр хүчингүйдэж бүс нутагт 9 уурхай ажиллаж байна.
Орон нутгийн иргэд мэргэжлийн байгууллага, салбарын яаманд хандсан боловч хүчин мөхөсдөөд байна.Гурвантэс суманд уул уурхайн олборлолт тээвэрлэлтийн улмаас олон салаа зам үүсч, тоос шороо дэгдэн, газрын хөрс эвдэрч, бэлчээр талхлагдан, зэрлэг ан амьтан дайжсаар байна.
Мөн хайгуулын өрөм тавьж дээж авах зорилгоор ухсан цооногт зэрлэг ан амьтан, мал унадаг, усны нөөц багасч, булаг шанд ширгэн, ундны усны чанар, аюулгүй байдал алдагдан, айл, өрхийн ундаалдаг худагны усны хэмжээ эрс багассан.
Нөхцөл байдал ийм хэмжээнд хүндэрсэн байгаа учраас сэтгүүлчдийг мэдээллийг дамжуулан авах биш газар дээр нь очиж сурвалжлахыг уриалж байна гэж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х. Мандахбаяр болон Өмнөговь аймгийн уугуул иргэд өнөөдөр хэвлэлийн хурал хийхдээ мэдэгдэв.
Тэд энэ хурлыг улс төрийн зорилгоор, сонгуулийн сургаар хийгээгүй. Нутгийн хүний, сэтгүүлч хүний хувиар хийж байна гэв.