ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ЖДҮХС-ийн зээлийн журам шинэчлэгдсэн асуудлаар өнөөдөр (2019.05.14) сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
ЖДҮХС-гаас зээл олгох шинэчлэгдсэн журмын дагуу ойрын хугацаанд зээл олгож эхлэнэ гэдгийг салбарын сайд дуулгалаа. Засгийн газраар асуудлыг хэлэлцээд ХХААХҮ-ийн сайдын тушаал гарч, журмын дагуу Хууль зүйн яамаар зөвшөөрөгдсөний үндсэн дээр ЖДҮХС-аас зээл олгох асуудал эрх зүйн зохицуулалттайгаар шийдэгджээ.
Төслийг арилжааны банкаар ба ЖДҮХС-гаар гэсэн хоёр шугамаар сонгон шалгаруулж олгоно. Төсөл сонгон шалгаруулахдаа олон улсын байгууллагын хэрэглэдэг аргачлалын дагуу нарийвчилсан үнэлгээг хийж хянана. Мөн зээл олгох субъектыг тодорхой тусгасан аж.
Зээл олгох зээлийн хороо долоон хүний бүрэлдэхүүнтэй байна. Түүний дөрөв нь буюу 50-иас илүү хувь нь мэргэжлийн холбоод олон нийтийн байгууллагын төлөөлөл байх бөгөөд ХХААХҮ сайд зээл олгохгүй байхаар зохицуулжээ.
Шинэ журамд өмнө гарсан алдаа дутагдал, гажуудлыг бүгдийг арилгасан гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэлж байна. ЖДҮХС-аас 2018 онд 233 иргэн, аж ахуйн нэгжид 96.2 тэрбум төгрөгийг олгосон. Харин 2019 онд 47 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно. Үүнээс 20.5 тэрбум төгрөгийг орон нутагт шилжүүлжээ. 2019 онд ЖДҮХС-аас санхүүжилт хүссэн төслийг 05 дугаар сарын 27-ноос 06 дугаар сарын 10-ны хооронд хүлээн авна.
ЖДҮХС-гийн шинэ журамтай энд дарж танилцана уу.
ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журамд орсон гол өөрчлөлтүүд:
- Төрийн өндөр албан тушаалтан, түүний гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшдэг компанийн төслийг хүлээн авахгүй.
- Хороо, дэд хороо нь төсөл сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг цахимаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод зохион байгуулна.
- Төсвийн хөрөнгөөс зээл авсан хувь хүний овог нэр, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, шалгарсан төслийн нэр, үйл ажиллагааны чиглэл, төсөл хэрэгжих байршил, сонгон шалгаруулсан шийдвэрийг цахим хуудсаараа дамжуулан нийтэд ил тод мэдээлнэ.
- Төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хорооны саналын эрхтэй 7 гишүүний 4 нь Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллагын төлөөлөл байна.
- Хөнгөлөлттэй зээлийн зарим эх үүсвэр, төсөл сонгон шалгаруулах эрхийг орон нутагт шилжүүлсэн.
- Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй бол зээл олгохгүй.
- Хөнгөлөлттэй зээлийг дамжуулан олгох арилжааны банкинд тавигдах шаардлагыг бий болгосон.
- Хөнгөлөлттэй зээл авах жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тавигдах шаардлагыг иргэн, хуулийн этгээдээр салгаж, тодорхой болгосон.
- Төсөл хүлээн авах хугацааны товыг тогтоохдоо жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд төсөл бичих хугацаа олгох зохицуулалтыг хийсэн.
- Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн төслийг хүлээн авах, шалгах, судалгаа хийх, хурлаар хэлэлцүүлэх зэрэг үе шат бүрийг нарийвчлан зааж хариуцлагыг нэмэгдүүлсэн.
- Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд зээл олгох тохиолдолд зээлийн эрсдэлийн болон хөрөнгийн эрсдлийн даатгалд жил бүр заавал хамруулна.
- Тэргүүлэх чиглэлийг тодорхойлох.
- Төсөл сонгон шалгаруулалтыг онооны системээр үнэлнэ.
- Дээд хэмжээ – ЖДҮХ сан нэг тэрбум хүртэлх
-Дээд хэмжээ – Орон нутаг 200 сая хүртэлх
-Доод хэмжээ – Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 20 сая
-Доод хэмжээ – Орон нутаг 20 сая хүртэлх.