Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II байранд улс төр судлалын тэнхимийн оюутнууд өнөөдөр (2019.05.14) “Улстөрчдийн гарын бэлэг” нэртэй үзэсгэлэнгээ танилцууллаа.
Үзэсгэлэнд аяга, шанага, халуун сав, цаг тооны бичиг, гурил будаа тэр бүү хэл бурхан шашны эд зүйлс ч харагдав.
Энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго нь хариуцлагатай сонгогчдыг бэлтгэхэд анхаарах цаг болсон. Иргэддээ хариуцлагатай сонгогч байя. Ийм бэлгэнд хууртахгүй байх цаг нь болсон гэдэг мессежийг хүргэхийг зорьжээ. “Аар саархан зүйлээр бидний саналыг худалдаж авдаг энэ жишгийг зогсоох цаг нь болсон. Бид 14 хоногийн хугацаанд сонгуулийн үеэр иргэдэд үнэгүй тараагддаг 100 гаруй гарын бэлэг цуглуулсан. Гарын бэлгийн дийлэнх нь аяга байгаа” гэж улс төр судлалын гуравдугаар дамжааны оюутан Б.Энх-Өүлэн онцоллоо.
МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн ахлах багш Б.Эрдэнэдалай “Манайд улстөрчид сонгуулийн үеэр тойргийнхоо иргэдэд гарын бэлэг тараадаг уламжлал тогтоод удаж байна. Гадны улс оронд сонгуулийн үеэр бэлэг тараадаг тийм зүйл байхгүй. Манай оюутнууд маш богино хугацаанд өөрсдийнхөө боломжоороо хөдөө орон нутгуудаар болон танидаг айлуудаасаа бэлгүүдийг цуглуулсан байгаа.
14 хоногийн хугацаанд 100 гаруй бэлэг цугларсан. Нийт орон даяар энэ аяныг өрнүүлэх юм бол маш олон бэлэг цугларах шинжтэй байна. Сонгогч саналаа худалдах ийм зүйлийг таслан зогсоох цаг нь болсон. Улстөрчид сонгуулийн үеэр ганц зүйл өгдөггүй. Хоёроос гурван төрлийн бэлэг өгдөг. Үүнд аяга, чихэр, цаг тооны бичиг гэх мэт. Энэхүү үзэсгэлэн маань маргааш хүртэл үргэжилнэ. Хамгийн үнэтэй бэлэг гэвэл дөчийн бедон байсан” гэв.
Ингээд улстөрчид сонгогчдыг хуурахдаа ашигласан бэлгүүдээс сонирхуулъя.