Цаг уур, орчны шинжилгээний газрын болон төв, орон нутгийн экспедицүүд хамтран цаг агаарт зориудаар нөлөөлж, хун тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна.
Тухайлбал, Хэнтий аймгийн гурав, Сэлэнгэ, Дорнод аймаг, Улаанбаатар хотын тус бүр хоёр, Төв, Булган, Дархан-Уул аймгийн тус бүр нэг, нийт 12 экспедиц төв болон зүүн бүсийн нутгаар орох хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт асаж байгаа ойн түймрийг хур тунадас нэмэгдүүлэн оруулах замаар унтраах ажиллагааг 2019 оны тавдугаар сарын 4-ний өдөр зохион байгуулжээ.
Энэ өдөр өндрийн салхины хурд их байсан нь үүл хурдан шилжих нөхцлийг бүрдүүлж, зориудаар нөлөөлөх ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан байна. Гэсэн хэдий ч ажиллагааг амжилттай явуулж, ажиллагааны үр дүнд Төв аймгийн баруун хойт сумд, Улаанбаатар хотын бүс нутгаар 0.0-2.0 мм, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар 0.3-6.0 мм, Хэнтий аймгийн нутгаар 0.3-7.5 мм, Дорнод аймгийн нутгаар 0.3-6.3мм хур тунадас орсон байна.
Түүнчлэн Ховд аймгийн хоёр, Говь-Алтай аймгийн хоёр, Баянхонгор аймгийн нэг экспедиц тавдугаар сарын 5-ны өдөр баруун бүсийн аймгуудын нутгаар зориудаар хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх ажиллагаа явуулсан байна.
Энэ ажиллагааны үр дүнд Ховд аймгийн нутгаар 4.0-23 мм, Говь-Алтай аймгийн нутгаар 0.2-6.8 мм, Завхан аймгийн нутгаар 0.0-23 мм, Баянхонгор аймгийн нутгаар 0.0-17 мм хур тунадас оржээ.
Тавдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд нийт 17 экспедиц үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг 19 байрлалаас 21 удаа явуулсан хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.