Төв /МОНЦАМЭ/. Аймгийн хөдөлмөр магадлах төв комисс, ЭМЯ-ны мэргэжлийн салбар зөвлөлтэй хамтран Төв аймгийн эмнэлэг, хөдөлмөр магадлах төв комиссын шийдвэрээр групп тогтоолгосон зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтад дахин дүгнэлт гаргажээ. Аймгийн хэмжээнд нийт 852 иргэний хөдөлмөрийн чадвар алдалтад үнэлэлт дүгнэлт гаргасан байна.
Энэ үеэр эмч нарын баг ажиллаж, иргэдэд газар дээр нь бодит үзлэг, оношилгоо явуулжээ.
Эмч нарын бүрэлдэхүүнд дотор, мэдрэл, сэтгэц, чих хамар хоолойн мэргэжлийн эмч нар ажиллалаа гэж Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн нийгмийн ажилтан Э.Төмөрчөдөр мэдээллээ.
Засгийн газрын 2015 оны 11 дүгээр тогтоолын хавсралтаар эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийг баталжээ.
Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын зорилго нь ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас иргэн хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас (хэсэгчлэн) алдсан шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах, хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөх, ажлын цагийг богиносгох асуудлыг магадлан шийдвэрлэхэд чиглэгддэг аж.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс ажиллахын сацуу аймаг (дүүрэг)-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах орон нутгийн комисс тус тус ажилладаг байна.