Шинэ зууны мэдээллийн өнгө төрхийг тодорхойлон, өдөр тутам олон арван уншигч, хэрэглэгчээр хүрээгээ тэлж буй цахим мэдээллийн хэрэгслийн уншигчид, вэб сайтын эзэд, цахим сэтгүүлчиддээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе.
Өнөөдөр “Ардчиллын төлөө хэвлэл мэдээлэл, хуурамч мэдээллийн эрин үе дэх сонгууль ба сэтгүүл зүй” уриан дор таван тивийн 100 гаруй оронд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж байна.
Монголын Үндэсний сэтгүүл зүйн отгон салбар болох цахим сэтгүүл зүй, цахим сэтгүүлчдийг эгнээндээ нэгтгэсэн Монголын сайтын холбоо энэхүү уриалгыг дэмжин, хил хязгааргүй мэдээллийн ертөнцөд мэргэжлийн ёс зүйтэй, оюуны өмчийг дээдэлдэг, хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа явуулахыг мэргэжил нэгт сэтгүүлчиддээ уриалж байна.
Монголын сайтын холбооны зүгээс иргэдийнхээ мэдэх эрхийг хангах, сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг хангах хууль, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр томоохон ажлууд зохион байгуулж, харилцан ойлголцол, хамтын ажиллагааныхаа хүрээг тэлж ажиллах болно.
Та бүхэндээ амжилт хүсье.
МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Л.ОЮУНТУНГАЛАГ