Нийслэлийн зургаан дүүрэг дэх айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглээний усны үнийг ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн нэмэхээр болжээ. Тодруулбал, ирэх сараас ахуйн хэрэглээний нэг литр цэвэр усны үнэ 9 мөнгө, бохир ус 11 мөнгө, аж ахуйн нэгж байгууллагын цэвэр ус 18 мөнгө, бохир ус 20 мөнгөөр тус тус нэмэгдэхээр боллоо.
Налайх дүүргийн хэрэглэгчийн 1 литр усны тарифыг ахуйн хэрэглээнд цэвэр ус 10 мөнгөөр, бохир ус 10 мөнгөөр, аж ахуйн нэгж байгууллагын цэвэр ус 10 мөнгөөр, бохир ус 20 мөнгөөр тус тус нэмэгдүүлэх юм байна.
Уг шийдвэрийг хот, суурины усны хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл өнгөрөгч гуравдугаар сарын 29-ний өдөр хуралдсан ээлжит 3 дугаар хуралдаанаар гаргажээ.
Усны үнэ өсөхөд нөлөөлсөн гол шалтгааныг валютын ханш, инфляци, дулаан, цахилгаан, эрчим хүчний тариф, хөрөнгийн зардлын өсөлт зэрэгтэй холбон тайлбарлажээ.