Эрдэс баялгийн салбарын гэрээний мэдээллийн цахим сан болох www.iltodgeree.mn вебсайтыг олон нийтэд танилцуулах арга хэмжээ өнөөдөр (2019.04.22) боллоо. Тус сайтад хууль тогтоомжийн хүрээнд нээлттэй, ил тод болгож болох 14 төрлийн 436 гэрээг байршуулсан бөгөөд цаашид гэрээний тоо нэмэгдэнэ гэдгийг албаныхан хэллээ.
Засгийн газрын түвшинд байгуулагддаг томоохон гэрээнүүдээс эхлээд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нутгийн захиргаатай байгуулдаг бүхий л гэрээг энд ил болгож буй юм байна. Хамгийн сүүлд гэхэд тус сайтад Дубайн гэрээг байршуулжээ.
Уул уурхай, эрдэс баялгийн салбарт байгуулагдаж буй гэрээнүүд ил тод болсноор олон нийтийн хяналт сайжирч, тухайн гэрээний талаарх мэдээллийг тайлбартайгаар үзэх боломжтой болж байгаа юм. Гэхдээ гэрээний “нууц” гэж заасан заалтуудыг үзэх боломжгүй юм байна. Уг цахим сангаас эрдэс баялгийн салбарт байгуулагдсан гэрээний эх бичвэрүүдыг PDF хэлбэрээр татаж авах боломжтой. Бүтээгдэхүүн хуваах гэрээ, Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний батлагдсан загварууд, тухайн гэрээний хэрэгжилтийг дүгнэсэн тайлангийн протокол, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, уурхайн хаалтын төлөвлөгөө, тухайн төсөлтэй холбогдох мэдээ баримт, гэрээний тайлбарууд, холбогдох хууль тогтоомж зэрэг мэдээллийг авч болох аж.
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого болон ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх хүрээнд гэрээний ил тод байдлыг хангах чиглэлээр талууд 2014 оноос хамтран ажилласны үр дүнд Эрдэс баялгийн гэрээний мэдээллийн цахим сан буюу www.iltodgeree.mn вэбсайтыг 2017 оноос нээсэн юм. Харин хоёр жилийн өмнө эхлүүлсэн уг төслийг УУХҮЯ, Нээлттэй нийгэм форум, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын алба, Олон улсын санхүүгийн корпораци зэрэг байгууллагууд хамтран амжилттай дуусгаж, өнөөдөр ийнхүү танилцууллаа.