Парисын дарь эхийн сүм галд өртсөнд монголчууд уйлахаас наахнуур болцгоож байна. Улсдаа ганц л байх Байгалийн түүхийн музей нь устаж үгүй болохын ирмэгт тулаад зургаан жил, гурван өдөр дараалан нийслэлийн ногоон бүсэд түймэр гарч, 30 гаруй айл орон байргүй болон эх орон шатахад гаслаагүй атлаа хаа холын Парисын дарь эхийн сүмд сэтгэл нь эмтэрдэг нинжин ард түмэн шүү. Бахархах уу, гомдох уу, бачимдах уу?.
Төрийн ордны зүүн хойд талд орших Байгалийн түүхийн музейг Парисын дарь эхийн сүмтэй насыг нь жиших боломжгүй ч тэнд хэдэн миллиард жилийн өмнөх түүхийг хүүрнэх хүн судлал, палентологийн олдвороос эхлүүлээд газар зүй, геологи, ашигт малтмал, ургамал-амьтны аймагт хамаарах үзмэрүүд хадгалагддаг гэдгийг онцлох нь зүйтэй болов уу.
Тухайлбал, 60, 80 сая жилийн өмнөх чулуужсан мод, нугасан хошуут үлэг гүрвэлийн чулуужсан арьс, махан идэшт үлэг гүрвэл, шувууны өвөг гэж тооцогдох нисдэг үлэг гүрвэл, 2-3 тонн жинтэй махан идэшт тарбозавр зэрэг өдий төдий олдворууд бий. Дэлхийд таниулж чадаагүй нь бидний л арчаагүйнх болохоос биш хадгалагдаж байгаа олдвор нь мөнгөөр хэмжихийн аргагүй үнэ цэнэтэй. Барилга нурвал эдгээр олдворууд эвдэрч сүйрэх эрсдэлтэй. Техник технологийн хөгжлийн хүчээр улс орнууд юуг ч орлуулж бүтээж чадаж байгаа ч яг оригналыг бол чадахгүй. Монголчуудын хувьд аль, алийг нь бүтээж чадахгүй.
Иймээс байгаа “баялаг”-таа эзэн болж, хайрлаж хамгаалах асуудалд анхаарахгүй бол салхи ч ордоггүй байшинд хадгалагдаж байгаа тэр олон үнэт олдворуудаас хэд нь устах аюулд орсныг хэлэхэд бэрх байна. Музейн сэргээн засварлагчид, музейн ажилтнууд чадах, ядахаараа л арчилж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Гол нь хадгалагдаж байгаа байр нь тэрхүү олон жилийн настай олдворуудыг хамгаалах нөхцөл боломжгүй болсныг холбогдох газрууд анхааралдаа авах цаг нь болжээ. Хэдий болтол газар олдохгүй байна, хөрөнгө мөнгөгүй гэх шалтгаанаар Байгалийн түүхийн музейгээ балгас чигээр нь байлгасаар байх вэ?. Энэ бол ганц л жишээ. Хөдөө орон нутагт дээрх музейтэй төстэй нурах дөхсөн музей олон байдаг тухай мэргэжилтнүүд харуусан ярих нь бий. Тэр бүгдээ өнөөдөр хайхрах цаг нь иржээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “БНСУ-ын хөрөнгө оруулалтаар Байгалийн түүхийн музейн барилгыг шинээр барих төлөвлөгөө бүтэлгүйтсэн. Хөрөнгө оруулалт нь зээл болж хувирсан. Тийм учраас одоогийн барилгыг нь дуудлага худалдаанд оруулж, олсон мөнгөөр нь шинэ музей барих асуудлыг судалж байна” гэж ярьсан байна билээ.
Хэр зөв шийдэл болохыг судалгаа нь бүрэн дүүрэн хийгдсэний дараа тодорхой болох биз. Гэхдээ зөв шийдвэр болж чадах эсэх эргэлзээтэй байгаа.
Нийслэлийн төвд орших төрийн мэдлийн олон обьектыг барилга нь нурах эрсдэлтэй нэрийн дор дуудлага худалдаанд оруулах, эсвэл хувьчлах зэргээр бусдад шилжүүлдэг. Харин нурах дөхөөд байсан барилга нь хувьд очхоороо бага зэрэг гоёлын засалт хийлгээд л цэмбийгээд босдог.
Иймээс Байгалийн түүхийн музейн барилгыг дуудлага худалдаанд оруулж, олсон орлогоор нь шинэ барилга барих санаачлага “Хэн нэгэнд газрыг нь авч өгөхийн тулд хийгдэх гэж байгаа ажиллагаа” гэх хардлагад өртөж байх эрсдэлтэй.
Ер нь төр шорон гяндан барих мөнгийг хэдэн тэрбумаар нь төсвөөс гаргаж болдог атлаа Монголын түүх, дэлхийн түүхийг өгүүлэх олдворыг байршуулах, хамгаалах музей баръя гэхээр гар татаад байдгийн учрыг олдоггүй юм.
Төсвийн орлого нь төлөвлөсөн хэмжээнээсээ давж биелж, төсөв нь алдагдалгүй болж, экспортын орлого нь нэмэгдэж байгаа нь үнэхээр үнэн бол хөрөнгө гаргаад Байгалийнхаа түүхийн музейг одоогийн суурин дээр нь барьчихаж яагаад болдоггүй юм бэ.
Франц улс ядах зүйлгүй учраа олно. Сэргээн босголтынх нь анхны хөрөнгө оруулалт нь хийгдэхээр болсон байна билээ. Тус улсын тэрбумтан алдарт Gucci, Saint Laurent брэндүүдийн толгой компани “Kering” группын ерөнхийлөгч Хенри Пинальт 100 сая еврогийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн. Хандивын цуваа араас нь зогсолтгүй үргэлжилнэ. Тэд дор нь л сэргээн босгоно.
Харин бидний хэд нь Байгалийн түүхийн музейгээ сэргээн босгоё гэж уриалга гарган, хандив цуглуулъя гэхэд францчууд шиг дэмжих бол… Аягүй бол төр нь газар судалж хайсаар, иргэд нь гар татаж суух хооронд Дарь эхийн сүм сэргээн босож, жуулчдыг хэдэн саяар нь татах байх шүү. Тэр цагт бид уйлаад ч харуусаад ч дахин олдохгүй хэдэн сая жилээр тоологдох олдворуудаа устгасан байх вий. Байгалийн түүхийн музей бол бидэндээ л Нотр Дам буюу Дарь эхийн сүм шүү дээ.
Г.ХОРОЛ