УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр (2019.04.19) Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээр эхэллээ. 2011 онд батлагдсан хуулийг боловсронгуй болгох шаардлага гарсан тул ийнхүү өөрчлөлт оруулахаар болсон байна. Хуулийн төсөлд нотариатч нар хуульч байх, нотариатын үйл ажиллагааг цахимжуулах, шинэ төрлийн нотариатын үйлдэл бий болгож хуульчлах зэрэг нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгажээ.
Мөн өнөөдөр чуулганы хуралдаанаар ҮАБЗ-өөс мэдээлэл хийнэ. Ерөнхийлөгч жилд нэг удаа ҮАБЗ-ийн мэдээллийг УИХ-ын чуулганд хаалттай хийдэг юм. Энэ удаад ямар асуудлаар мэдээлэл хийх нь тодорхойгүй байгаа ч Оюутолгойн гэрээний дүгнэлтийн асуудал багтсан гэх таамаг байна.
Чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ:
-Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.03.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд нарын 5 гишүүн 2018.03.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.02.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл /хаалттай/.