Эрдэмтэд туршилтын зорилгоор Олон улсын сансрын станц руу лабораторийн 20 оготно явуулж, зарим нь сансарт 37 хоногийг өнгөрөөжээ. Scientific Reports сэтгүүлд тэмдэглэснээр эрдэмтэд амьд организм жингүйдлийн орчинд харьцангуй удаан байхаар ямар нөлөө үзүүлдэг болохыг тогтоохыг хүссэн байна. Ийм судалгаанд зориулагдсан цогц төхөөрөмжийг Space X аппаратаар 2014 онд станцад хүргэсэн аж.
Судалгаагаар эм оготнууд дэлхий дээр байгаа хяналтын бүлгийнхнээс нэг их ялгарахааргүй байжээ. Тэд идэж, биеэ угааж, бие биетэйгээ харьцаж, хэвийн байв. Удалгүй оготнууд бичил гравитацийн орон зайдаа дасан зохицож, торноос торны хооронд сүүлээрээ ороох замаар чадамгай гэгч нь хөдөлдөг болжээ. Гэтэл туршилт эхлээд 7-10 хоногийн дараа залуу оготнууд бөөнөөрөө тойрог үүсгэн гүйж эхэлсэн нь эрдэмтдийг гайхшируулсан байна.
Магадгүй оготнууд жингүйдлийн орчинд биеийн хөдөлгөөнөөсөө таашаал авч тоглож байсан байж болно. Учир нь тэдэнд гүйх тойрог зам байгаагүй. Үүн дээр хөдөлгөөний хэрэгцээ нь илүү өндөр залуу оготнууд нь тойрч гүйж байсан гэдгийг сануулан хэлье. Бүх амьтан туршилтыг амжилттай давж, жин, эрүүл мэнд, арьсны байдал нь сайн байжээ.
Өөрөөр хэлбэл оготнууд сансрын тойрог замд биеэ сайн арчилж байсан гэсэн үг. Оросын сансрын нисэгч Сергей Прокопьев 2018 оны 11 дүгээр сарын 20-нд мэдэгдэхдээ үхэр зусаг Олон улсын сансрын станцад хамгийн тохиромжтой амьтан гэж нэрлэжээ. Сансарт үхэр зусгаас гадна сармагчин, нохой, муур, яст мэлхий, харх, далайн гахай, мэлхий, эмгэн хумс, тэр ч бүү хэл загас хүртэл амьдарч байсан.
Харин сансарт төрсөн дэлхийн хамгийн анхны амьтан гэвэл Надежда нэртэй шаргал жоомны үр төл юм.
Эх сурвалж: https://iz.ru/