Итгэхэд хэцүү ч уурлаж байгаагаа илэрхийлэх нь хүний эрүүл мэндэд ашигтай гэнэ. Үүнийг Мексикийн Үндэсний сэтгэцийн хүрээлэнгийн нейробиологийн хэлтсийн тэргүүн, доктор Эдуардо Каликсто мэдэгдэж байна. Тэрбээр өдөрт хагас цагийн турш уурлаж бухимдаж байгаагаа илэрхийлэх нь ямар үр дүнтэй байдгийг судалжээ.
Судлаачийн олж тогтоосноор хүн уурлах үед зүрхний агшилтын давтамж нь нэмэгдэж, амьсгал түргэсдэг байна. Ингэснээр зүрхний үйл ажиллагаа сайжирч, тархи хүчилтөрөгчөөр дүүрдэг. Үүнээс гадна тархи, мэдрэлийн эсүүдийг сэргээдэг дофамины ялгаралт нэмэгдэж, зарим дотор эрхтэн идэвхждэг. “Тиймээс уурлаж байх нь бидний бодож байгаа шиг муу зүйл биш.
Гэхдээ удаан үргэлжлэхгүй байх ёстой. Эс тэгвэл эсрэгээрээ нөлөөлж, эрүүл мэндэд сөрөг үр дагавартай” гэжээ. Энэ судалгааг Clínica Indisa-ийн мэдрэлийн эмч Андрес Галлардо ч баталж байна. Тэрбээр “Уур тодорхой түвшинд таатай. Хэрвээ энэ байдал хагас цагаас илүү үргэлжилбэл кортизолын түвшин тогтвортой нэмэгдэх байдал үүсдэг. Ингэснээр эцсийн дүндээ биологийн стресст орж, эмгэг болно” гэжээ.
Харин Төвийн их сургуулийн сэтгэл зүйч, профессор Рикардо Баскуньан уурлаж бухимдах нь муу, толгойн өвчин үүсгэдэг гэжээ.
Эх сурвалж: https://www.cnnchile.com/