ОХУ-ын Төрийн ДУМ өнгөрсөн хоёрдугаар сард интернэтийн тогтвортой байдлыг хангах тухай хуулийн төслийг баталж байв. Орос хэл дээрх контент, мэдээлэл интернэтийн урсгалыг хянах, зохицуулах, гаднаас халдлага хийх үед хамгаалах зорилготой энэ хуулийн төсөл эхний хэлэлцүүлгээр батлагдаж байсан юм.
Хууль батлагдсаны дараа Аудитын ерөнхий газар энэ хуулийг хэрэгжүүлэхэд төрөөс их хэмжээний зардал гарахыг сануулж байсан юм. Иргэд ч энэ хуулийн төслийг тодорхой хэмжээнд эсэргүүцэж байв. Харин хууль тогтоогчид өнгөрсөн жилийн есдүгээр сард АНУ-ын баталсан Үндэсний кибер аюулгүй байдлын стратегийн баримт бичгийг сөргүүлэн ийм хууль баталсан гэдгээ мэдэгдэж байв.
Хуулийн хэрэгжилтийг ОХУ-ын Мэргэжлийн хяналтын газар хариуцаж, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч операторууд гаднаас ирэх халдлагыг зогсоох тусгай төхөөрөмжийг суурилуулах, шаардлагатай тохиолдолд энэ төхөөрөмжийн тусламжтайгаар хориотой мэдээллийг түгээсэн хаягийг хаах, интернэтийн урсгалыг блоклох аж.
Тус хуулийн төслийн хэрэгжих хугацааг ОХУ 2019 оны арваннэгдүгээр сар болгон хойшлуулахаар болжээ. ОХУ болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орос хэлийг түлхүү хэрэглэдэг улс орнууд интернетийн Рунет урсгалыг хэрэглэдэг юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ