Залилангийн гэмт хэрэг улам л нарийсч буйн бас нэгэн жишээ энэ. Тэр болгон сонсогдож байгаагүй энэ төрлийн залилангийн хэргийг 26-28 насны гурван этгээд үйлддэг байжээ. Тэд түрээсийн үйлчилгээ үзүүлдэг газруудаас үнэтэй буюу Lexus570, Range rover, Benz зэрэг авто машиныг өдрөөр нь түрээслэн авч яваад банк бус санхүүгийн байгууллагад тавьж залилан үйлддэг аж.
Тодруулбал, фэйсбүүк болон бусад зараас задалсан дахин ашиглахгүй болсон тээврийн хэрэгслийн арлын дугаар, гэрчилгээ улсын дугаарыг 1-10 сая төгрөгөөр худалдан авч, ижил төстэй автомашинд зүүж арлын дугаарыг өөрчилдэг байна. Ингэж “янзалсан” автомашинаа банк бус санхүүгийн байгууллага болон барьцаалан зээлдүүлэх газруудад 5-35 сая төгрөгөөр барьцаалан аж ахуйн нэгжүүдийг залилан мэхэлдэг байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлэн баривчилжээ.