Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн Мөрөн бороо явуулын экспедиц өнгөрсөн өдрүүдэд хур тунадас орох боломжийг ашиглан 5 цэгээс үүлэнд нөлөөлж тунадас нэмэгдүүлжээ. Энэ сарын 6-ны өглөө Алаг-Эрдэнэ сумын Ужгийн сайрын эхэнд 3 ширхэг пуужин харвасан байна.
Мөн 5-6-нд шилжих шөнө Ренчинлхүмбэд газрын генераторыг ажиллуулж 4 ширхэг түлш, 6-нд Баянзүрх сумын газрын генераторыг ажиллуулж 3 ширхэг түлш, 7-нд Цэцэрлэг, Цагаан-Уулын газрын генераторыг ажиллуулж тус бүр нь 3 ширхэг түлш шатаасан байна. Тус үйл ажиллагаа амжилттай болж Хөвсгөл аймгийн нийт нутгаар хур тунадас орсон ажээ.