Япон улсын шинэ эзэн хааны төр барих эрин “Рэйва” нэртэй боллоо. Энэ тухай Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга даваа гарагт зарласан байна.
Тэрбээр телевизийн шууд эфирээр каллиграфаар бичсэн хоёр ханзыг үзүүлсэн юм. “Рэйва” хэмээх эдгээр ханз нь “эмх журам, зохицол” гэсэн утгатай.
Энэ үгийг 600-759 оны үед бичигдсэн Японы эртний “Манёшю” яруу найргийн цоморлигоос авсан гэж Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгджээ. Өөрөөр хэлбэл эзэн хааны төр барих эриний нэрийг анх удаа Японы уран зохиолоос авч байгаа нь энэ юм байна. Өмнө нь энэ нэр томъёог ихэвчлэн Хятадын сонгодог бүтээлүүдээс авдаг байсан.
“Рэйва” нэр томъёоны бүрэн утгыг Ерөнхий сайд Шинзо Абэ тайлбарлана.
Японы одоогийн эзэн хаан, 85 настай Акихито энэ сарын 30-нд өөрийн хүсэлтээр хаан ширээнээсээ буух юм. Харин тавдугаар сарын 1-нд түүний ууган хүү, хунтайж Нарухито хаан ширээг залгамжилна. Энэ өдрөөс Рэйвагийн нэгдүгээр он эхэлнэ.
Япончууд олон улсад хэрэглэгддэг болон эзэн хаанаа хаан ширээнд суусан жилээр тоолдог он тооллын хоёр систем хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, одоогоор тус улсад 2019 он, мөн Хэйсэй эриний 31 дүгээр он үргэлжилж байгаа гэсэн үг юм. Олон нийтийн санал асуулгаар хоёр он тооллын системийг дэмждэг, дэмждэггүй хүмүүсийн тоо ойролцоо байдаг гэнэ. Харин сүүлийн үед залуучууд олон улсын он тооллыг илүүд үзэх болжээ.
Шинэ эзэн хааны эриний нэрийг сонгодог уран зохиолын томоохон мэргэжилтнүүдий бүрэлдэхүүнтэй хороогоор бүрэн нууцлал дор хэлэлцсэн. Харин өнөөдөр тэд Засгийн газарт эцсийн таван хувилбараа танилцуулж, нэгийг нь батлуулсан юм. Үүнээс өмнөхөн шинэ эриний нэр япончуудад уншиж бичихэд хялбархан хоёр ханзнаас бүрдэнэ гэж мэдээлж байлаа.
Ийнхүү парламентын хоёр танхимын удирдлагууд, олон нийтийн төлөөлөл хэлэлцсэний эцэст Засгийн газраас эцсийн шийдвэрийг гаргаж, шинэ эриний нэрийн тухай зарлигт Акихито эзэн хаан гарын үсэг зурсан байна.
3 comments
hujaa
Монголоор эзэн хааны ОНЫ ЦОЛ гэдэг. Богд хаант Монгол улсын оны цол ОЛОНАА ӨРГӨГДСӨН гэж байсан билээ. Юан улсын үед ч удаа дараагийн хаан цөм өөр өөрийн оны цолтой байсан даа. Ийм байтал уламжлалт нэр томьёогоо мэдэхгүйн харгайгаар англи нэр томьёоноос нь чадан ядан орчуулсан болж … эрин … гэж оноожээ дээ. Эрин гэдэг угтаа манжаар цаг гэсэн үг.
…Өмнө нь энэ нэр томъёог… гэж бичжээ. сэтгүүлч-орчуулагчийн логика “тэг” гэсэн үг. Ядахдаа …ийм нэр томьёог… гэх ухаан орсонгүй юү!?