2019 оны гуравдугаар сарын 22 -ны өдрийн байдлаар Улсын хэмжээнд 29.5 сая эх малын 8.6 хувь буюу 2.5 сая хээлтэгч төллөж 2.4 сая төл бойжиж байна. Том малын зүй бусын хорогдол 231.9 мянган болж оны эхний нийт малын 0.3 хувийг эзэлж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Мал төллөлт, төл бойжилт, том малын зүй бусын хорогдлын мэдээ

 Цасны байдал өмнөх 7 хоногтой харьцуулахад төвийн нутаг руу шилжсэн байдалтай байна. Одоогоор Увс, Завхан, Архангай, Өвөрхангай, Дундговийн ихэнх нутаг, Хөвсгөл, Дорноговийн баруун, Булганы өмнөд, Говь-Алтай, Өмнөговийн хойд хэсэг, Төвийн зарим газар, Баянхонгор, Сүхбаатарын зүүн хэсгээр 1-20 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 20 см, Хяргаст 19, Баруунтуруунд 18 см, Завханы Ярууд 13 см, Увсын Малчин, Завханы Баянхайрхан, Тэсд 11 см зузаан цастай байна.

Малчид, иргэдийн анхааралд : Өнөө шөнө нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

2019 оны 03 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас, 28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 5-10 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн