Өчигдөр (2019.03.06) Засгийн газрын хуралдаанд Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хангамжийн бодлого, өнөөгийн байдлын талаар сайд Ё.Баатарбилэг танилцуулав. Дунд, ахлах ангийн сурагчдыг сурах бичгээр бүрэн хангах зорилгоор сурах бичгийн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлж, үүнээс орсон орлогыг сурах бичгийн хэвлэлийн эх бэлтгэж хэвлэх, түрээслэхэд зарцуулж байх журам, аргачлал баталж мөрдүүлэхийг даалгав.
Түрээсийн сурах бичгээр хангахад шаардагдах хөрөнгийг олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хүрээнд гаргах боломжийг эрэлхийлэх болсон байна. Энэ онд хэвлэж, нийлүүлэх шаардлагатай сурах бичгийн зардлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өмнө нь туршилтаар хэрэгжүүлсэн сурах бичгийн түрээсээс орсон орлогоос санхүүжүүлэхийг холбогдох сайд нарт зөвшөөрөв.
Бага ангийн сурагчдын сурах бичгийг төрөөс 100 хувь үнэ төлбөргүй, дунд, ахлах ангийн сурагчдын сурах бичгийг 40 хувь дааж байхаар Засгийн газар 2009 онд шийдвэрлэсэн. Энэ жилийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийн 593 150 хүүхдийн 73 хувь буюу 433 472 нь сурах бичгээ сургуулийн номын сангаас үнэ төлбөргүй авч ашиглаж байна. Дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувь нь өөрсдөө номоо худалдан авах учиртай ч орон нутагт номын худалдааны тогтолцоо бүрдээгүй, хэвлэлийн компаниудын хамтын ажиллагаа, эцэг, эхийн идэвх санаачилга, худалдан авах чадвар зэргээс болж борлуулалт, худалдан авалт хангалтгүй байна. Тодруулбал зах зээлд нийлүүлж байгаа сурах бичгийн 16.5 хувийг л борлуулдаг гэсэн судалгаа гарчээ.