Төв аймгийн Заамар суманд алт олборлодог “Эко Алтан Заамар” компанийн ашигт малтмал олборлолтын талбайд өчигдөр (2019.02.28) нуранги үүсч, хоёр автомашин зургаан иргэн дарагдаад байгаа. Нурангид дөрвөн хүн, нэг бульдозер, нэг экскаватор дарагдсан байгаа.
Ослын газарт өчигдөр орой (2019.03.01) очсон Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа С.Мандахгэрэл нараар ахлуулсан Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах ангийн 20 алба хаагч ажиллаж байна. Өнөөдөр 14 цагийн байдлаар дөрвөн хүнийг гаргаж авч чадаагүй байна.
Өнөөдөр хойд бүсийн төв, Орхон аймгийн Онцгой байдлын алба болон Үндэсний аврах ангиудаас аврагч нар хүч нэмэгдүүлэн очиж, нийт 30 алба хаагч эрэн хайх аврах ажиллагааг үргэлжлүүлж байна. Ослын газрын нөхцөл байдлын тухайд, уурхайн нурангин доороос усны ундарга илэрсэн, ус урсаж гарч ирж байгаатай холбоотойгоор аврах ажиллагаа хүнд нөхцөлд явагдаж байгаа. Юуны түрүүнд усыг шавхах, түүний дараа уурхайн гүн рүү ухах ажиллагаа явуулна” гэж ОБЕГ-аас мэдээлээд байна.
Заамарт юу болсон бэ?
Осол өчигдөр 16-17 цаг орчимд болсон байна. Төв аймгийн цагдаагийн газарт ослын дуудлага 16.50 цаг орчимд иржээ. Эко алтан Заамар”ХХК-ийн Баянгол карьер дээр 80 орчим метрийн гүнд олборлолт явуулдаг юм байна. Нуралт болох үед хоёр машины оператор кабиндаа байхдаа шороонд дарагдаж, талбайд ажиллаж байсан хоёр насосчин зугтаж байгаад нурангид өртсөн гэх мэдээлэлд үндэслэж, тодорхой байршлуудад эрлийн ажлыг явуулж байгаа гэнэ. Усны түвшин 6-7 метр гүн, хананаас ус шүүрч байгаа тулд дахиад нуралт үүсэх магадлал тун өндөр байгааг албаныхан онцолж байна.
Нуранги уурхайн бэхэлгээ муугаас болж үүссэн үү, гадны өөр шалтгаан байсан уу гэдэг асуудал өнөөдөр анхаарлын төвд орж ирээд байгаа. Өчигдөр Заамар дахь алтны уурхайд осол болсон мэдээлэл дэгдсэний дараа зарим албаны эх сурвалжууд ослын урд өдөр буюу хоёрдугаар сарын 27-нд Төв аймгийн нутагт газар хөдөлсөн гэж мэдээлсэн юм. Тухайлбал:
Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн ”Заамарын-Уурхай” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 24 км-т, Ө-48037’00”, У-104018’00”/ 02.27-ны өдрийн 22:45 цагт 4.06 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 23:00 цагт утсаар мэдээлсэн гэж тайлбарлаж байгаа.
Гэхдээ олон улсын газар хөдлөлтийг бүртгэдэг сайтад энэ мэдээлэл алга байна. Тус сайт 4,5-аас дээш газар хөдлөлтийг тэмдэглэдэг учраас яригдаж буй хөдлөлт тэмдэглэгдээгүй бололтой. Энэ сайтад Монгол Улсын нутаг дэвсгэрт хамгийн сүүлд 2019 оны нэгдүгээр сарын 2-нд Сангийн далайд болсон газар хөдлөлтийг бүртгэсэн мэдээ байна.
Эко Алтан Заамар гэж ямар компани вэ?
Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Өгөөмөрийн хөндийгөөр урсаж буй Туул голын хоёр талын эргийг энэ компани хашиж, тал талаас нь гурван метр хүрэхээргүй шахам эрэг үлдээгээд алт олборлож байсан юм. Тус компанийн энэ олборлолтын цэг алтнаасаа болж байгаль орчин нь сүйрсэн Заамарынхны хувьд үлдсэн багахан ногоон талбай байв.
Эко Алтан Заамар гэгч компани 2016 онд А лицензтэй гэж ирээд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. A лицензтэй аж ахуйн нэгж тухайн газар, сум, багийн хурлаар хэлэлцэж, компани нийгмийн хариуцлагын хүрээндээ сумын нутаг дэвсгэрт тодорхой ажил хийж өгөх амлалттай, нөхөн сэргээнэ гэсэн болзолтой, багийн хуралд оролцогчдын 80 гаруй хувийн дэмжлэгийн авч байж үйл ажиллагаа явуулдаг.
Гэвч Эко Алтан Дорнод энэ зөвшөөрлийг авч, амлалтыг өгөөгүй шууд ухсан. Тэд үндсэндээ Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай, гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай гэх мэт хуулийг уландаа гишгэж, дур зоргоороо авирласан байжээ.
Монгол Улсын хууль Эко Алтан Дорнод хамаагүй
2017 онд Заамар сумын ИТХ-ын тогтоолоор тус компанийн ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналаа, хяналт шалгалтын дүгнэлтийн хамт БОАЖЯ-нд хүргүүлж байсан байна. Үүний дагуу Ажлын хэсэг ч томилогдож, шалгалт дахин оржээ. Хяналт, шалгалтын дүнд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газраас “Эко Алтан Заамар” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай албан дүгнэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлснээ 2018 оны долдугаар сарын 20-нд олон нийтэд албан ёсоор зарлаж байлаа.
2018 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас хүргүүлсэн албан бичиг хүргүүлж байжээ. Тус албан бичигт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа “Эко Алтан Заамар” ХХК-ийн MV 007712 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг ямар үндэслэлээр цуцлуулах шийдвэр гаргасан тухай байв.
Хууль бус ажиллагааг нь илчилсэн сонины санхүүг хаалгаж, хүн амь нас хохирсон хэргээ нууж байв
Гэвч энэ компани хууль бус үйл ажиллагаа явуулсан хэвээрээ л байлаа. Тус компанийн хууль бус үйл ажиллагааг Өнөөдөр сонин цуврал нийтлэлээрээ дэлгэж байсан. Гэвч энэ компани шүүхэд хүсэлт гаргаж, сонины санхүүг хүртэл хаалгаж байсан юм.
Өнгөрсөн онд энэ уурхай дээр осол гарч, хүний амь нас хохирч байсан гэнэ. Гэвч Эко Алтан Заамар хэргийг нуун дараад өнгөрч байжээ. Энэ удаа хууль бус үйл ажиллагааны золиос, газар хөдлөлтийн дүйвээн хоёрт нэг биш нэлээд хэдэн хүн амь насаараа хохирохдоо тулаад байна.
1 comment
Энэ нийтлэлийг бичсэн сэтгүүлч сэтэртэй дурак-д хэлэхэд , эхлээд мэдээллээ үнэн бодит болгож өөрөө бүрэн ойлгож мэдчихээд ядаж улсын бүртгэлд бүтгэгдсэн компаний нэрийг Эко Алтан Дорнод биш , Эко Алтан Заамар гэж үнэн зөв биччихээд нээх олон хууль мууль гэсэн том юм ярина уу. Амныхаа зоргоор бурдаг мэдлэг боловсрол дутмаг , сэтгүүлч бол юу ч хамаагүй бичиж ард түмэнд хүргэх эрхтэй гэж өөрийгөө андуурсан байна . Үйл ажиллагаа явуулсан цагаас хойш улсад хэдий хэмжээний татвар төлсөн , хэдэн зуун хүнийг ажлын байраар хангаж мэргэшүүлсэн бэ гээд чаддаг юм бол судлаад гаргаад бичээд тавиач . Уул уурхайн салбар захын нэг амтай болгон хүссэнээрээ бурж бичдэг амархан сэдэв биш , бодит байдал дээр юу болдог вэ гэдэг талаар зас зухаас нь ч мэдэхгүй байж ингэж хамаагүй дур зоргоороо бичиж болохгүй . Монголд ажлын байрыг хэн бий болгож байна , хувийн хэвшлийнхэн , хэдэн уурхайнууд л байгаа үнэндээ. Барилга нь хятдаар дүүрсэн , мал аж ахуй татвар төлдөггүй , газар тариалан нь татвар төлөх байтугай татаас авдаг , аялал жуулчлал хөгжөөгүй ийм улсад ард иргэдийг хоногийн хоолтой байлгаж байгаа улсын төсөвт өндөр дүнгээр татвар төлдөг нь уул уурхай… Сэтгүүлч чи энэ уурхайг хаалгаад эндээс халагдсан 500-600 хунийг ажлын байраар хангах уу ? ар гэрийг нь тэжээх үү? эсвэл улс чинь тосож аваад бүгдийг нь ажилтай болгох уу ? Ажилгүйдэл ядуурал чинь улам л ихсэнэ. Хэлэх үг хийх үйлдэлээ хянаж наанатай цаанатай боддог болчихоод өөрийгөө сэтгүүлч сэтэртэй нэгэн гэж хэлээрэй . Өөлөх нэгэн нь байхад өмөөрөх нэгэн байдаг л юм, адилхан уул уурхайн салбарт ажилладаг хүнийхээ хувьд зовлон жаргалыг нь ойлгож байна . Байгалийн давагдашгүй хүчин зүйл , хүний оролцоогүй осол аваарын үед хэцүү байгаа нэгнээ дайрч давшилдаг , чичилж суух нь монгол хүний зан биш шүү