УИХ-аас 2017 оны хоёрдугаар сард “Дотоодын цэргийн тухай хууль”-ийг баталж, Дотоодын цэргийн гүйцэтгэх чиг үүрэг, эрх зүйн үндсийг хуульчилж өгсөн. Уг хуулийг 2017 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлээд байгаа юм. Ийнхүү Дотоодын цэрэг дахин байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрчээ.
Дотоодын цэргийн тухай хуулийн заалтуудаас үзэхэд Дотоодын цэрэг нь тайван цагт Зэвсэгт хүчний бүтцэд хамаарахгүйгээр мэргэжлийн бие даасан үйл ажиллагаа явуулж, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн цэргийн байгууллага бөгөөд хуульд заасан үүргүүдийг хэрэгжүүлэхдээ Дотоодын цэргийн командлагч, штаб, мэргэжлийн анги, байгууллага гэсэн бүтэц, зохион байгуулалттайгаар алба-ажиллагааг явуулдаг байна.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолоор дотоодын цэргийн хамгаалалтад шилжүүлсэн улсын онц чухал объектуудын харуул, хамгаалалтад болзошгүй аюул учирч, нөхцөл байдал хүндэрсэн үед тухайн үүссэн нөхцөл байдлыг таслан зогсоох, объектын аюулгүй байдлыг шуурхай хангах бэлтгэл нөөц хүчийг бүрдүүлэх зорилгоор 2020 оноос Дотоодын цэрэгт хугацаат цэргийн алба хаагчдыг татан авч, цэргийн жинхэнэ албыг хаалгуулахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм байна.
Сонирхуулахад, Дотоодын цэрэг нь байгуулагдсан цагаасаа эхлэн түүхийн хугацаанд Дотоодыг хамгаалах газар, Нийгмийн аюулаас хамгаалах яамны Хилийн ба дотоодын цэргийн удирдах газар, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газар /хуучин нэрээр/, Цагдаагийн ерөнхий газрын харъяанд алба-ажиллагаагаа явуулж, Монгол Улсын Засгийн газраас тогтоосон улсын онц чухал объект /Төр, Засгийн тэргүүний байр, гяндан, онцгой ба чанга дэглэмтэй колони, дулааны станцууд, ус хангамжийн эх үүсвэр, хүн малын гоц халдварт өвчний лабораториуд гэх зэрэг/-уудыг хамгаалах, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээврийн замд харгалзан хүргэх үүргийг өдөр тутам бие даан гүйцэтгэж, шаардлагатай үеүдэд шуурхай бэлэн байдлыг хангаж, цагдаа, онцгой байдлын байгууллагын хүч хэрэгсэл хүрэлцэхгүй үед тэдэнд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж иржээ.