Төрийн албаны тухай хуулийг дагалдан 47 журам батлагдана. Тэдгээрээс 28 журам, дүрэм батлагдаад байгаа бөгөөд бусад журмыг нарийвчлан хэлэлцэж, яаравчлан батлахаар Төрийн албаны зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн ачаалал өндөртэй ажилллаж байна. Төрийн албаны зөвлөл дараах журмуудыг хэлэлцэв. Үүнд:
- Төрийн албаны ерөнхий шалгалтын журам
- Төрийн албаны тусгай /тухайн албан тушаалын/ шалгалт өгөх болзол журам
- Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам
- Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам
- Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам
- Мэргэшүүлэх багц сургалтын агуулга, хөтөлбөр
Төрийн албанд анх орох иргэдээс авах ерөнхий шалгалтыг төрийн албаны төв байгууллага зохион байгуулахаар хуульчилсан. Ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд хэрхэн зохион байгуулах, шалгалтад тэнцэж нөөцөд бүртгүүлсэн иргэдийг төрийн албанд ажиллах боломжоор хангах талаар журамд тодорхой тусгах юм. Төрийн албаны ерөнхий шалгалтын хувьд агуулгын болоод технологийн шинэчлэл хийх, шалгалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, бүртгэлийг иргэдэд чирэгдэлгүйгээр зохион байгуулах зэргийг журмын төсөлд багтаажээ. Төрийн албаны тухайн албан тушаалын шалгалт өгөх болзол журмын тухайд ерөнхий шалгалтаас ялгаатай байх бөгөөд төрийн албанд сул орон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалт зарлаж, албан тушаал бүрд тусгай шалгалт авахаар журамлаж буй юм. Төрийн албан хаагчдыг шилжүүлж, сэлгэн ажиллуулснааар ур чадвар, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлдэг байхаар журамд мөн тусгаж байна.
Чадварлаг, мэргэшсэн төрийн албыг бэхжүүлэх, удирдах албан тушаалтныг шударга ил тод шалгаруулах, ачааны хүндийг үүрч яваа албан хаагчдаа шатлан дэвшүүлэх, төрийн албанд сахилга хариуцлагыг өндөржүүлэх гэхчилэн тулгамдаад буй олон асуудлуудыг шийдвэрлэх гарц, арга замыг шинэчлэн боловсруулж буй дүрэм журмуудад шигтгэн оруулж байна. Ингэснээр чадваргүй албан хаагч ажиллах боломжгүй болж, төрийн албаны босго өндөрсөнө.
Иргэдийн оролцоотой хяналтыг бэхжүүлнэ
Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” МОН/18/101 төслийг хэрэгжүүүлснээс хойш нэг жилийн хугацаа өнгөрч байна. Энэхүү төслийн явцын мэдээллийг сонслоо.
Төслийн хүрээнд хоорондоо уялдаа бүхий 4 үр дүнд чиглэн ажиллаж буй юм. Төсөл хэрэгжих хугацаанд /2022 оны төгсгөл хүртэл/ мэргэшсэн төрийн албыг төлөвшүүлэх эрхзүй, бодлогын хүрээг сайжруулсан байхын дээр төрийн албан хаагчдын мэргэжлийн чадавх сайжирч, төрийн захиргаан дахь жендерийн тэгш байдал дээшилж, төрийн захиргааны ажлын гүйцэтгэлд иргэн төвтэй хяналтыг бэхжүүлнэ.
Энэ онд төрийн албан хаагчдын мэргэшүүлэх багц сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхийн дээр төрийн албаны шалгалтын агуулгыг шинэчлэх, хүний нөөцийн удирдлагын чадавхыг дээшлүүлэх, стратеги төлөвлөгөө, гүйцэтгэлийн жилийн төлөвлөгөөг төрийн захиргааны байгууллагуудад нэвтрүүлэх, төрийн байгууллагуудын дотоод хяналт шинжилгээ үр дүнд чиглэсэн хандлагыг хэвшүүлэх, төрийн захиргаанд иргэдийн оролцоотой хяналт бий болгох зэрэг ажлуудад анхаарлаа хандуулан ажиллахаар болжээ.
Төрийн албанд 30-40 насныхан хамгийн олон ажилладаг
Төрийн албаны зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн улсын хэмжээнд зохион байгуулсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ”-ний дүн мэдээлэлтэй танилцлаа. Үнэлгээнд 13 яам, 23 агентлаг, 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн төрийн жинхэнэ 44576 албан хаагч хамрагдсан юм. Улсын хэмжээнд зохион байгуулсан төрийн жинхэнэ албан хаагчийн үнэлгээний дүнг ШУТИС -ийн Е-Нээлттэй институтээс танилцууллаа.
Үнэлгээгээр төрийн жинхэнэ албан хаагч нэг бүрийн хууль эрхзүйн болон мэдээллийн технологийн мэдлэгийг сорьсон бөгөөд эдгээр сорил олон улсын стандартад нийцсэн гэдгийг онцолж байлаа.
Төрийн жинхэнэ албан хаагчдын насны хувьд 30-40 насныхан хамгийн олон байгаа боловч хууль эрхзүйн сорилд 50-аас дээш насныхан бусдаасаа өндөр оноо авсан гэсэн дүн гарчээ.
Анх удаагаа улс орон даяар явагдсан төрийн жинхэнэ албан хаагчдын үнэлгээ нь Төрийн албаны тухай хууль шинэчлэн мөрдөгдөхийн өмнөхөн хийгдсэнээрээ онцлог. Цаашид судалгаа сургалтын хэрэгцээнд суурь болох төдийгүй төрийн жинхэнэ албан хаагчдад ямар төрлийн мэдлэг мэдээлэл олгох, мэргэшүүлэх шаардлагатайг харуулсан ач холбогдолтойг тодотголоо.
Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл