Санхүүгийн зохицуулах хорооноос Компанийн тухай хуулийн дагуу “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам”-ыг мөрдүүлдэг. Хуульд хувьцаат компаниуд Хувьцаа эзэмшигчдийн хурлаа санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу дөрөвдүгээр сарын 30-наас өмнө зарлан хуралдуулахаар заасан байдаг.
Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрээ уг хурал болох өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө гаргах бөгөөд шийдвэрийг гурав хоногийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдлээр ирүүлнэ. Шийдвэр гарснаас хойш хурлын товд өөрчлөлт оруулахыг хуулиар хориглодог.
Дээр дурдсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам”-аар хурал хуралдуулахтай холбоотой үйл ажиллагааг цаг хугацаатай нь нарийвчлан журамласан байдаг.
Тухайлбал, энэ сарын 19-ний дотор хувьцаат компаниудын ТУЗ ногдол ашиг олгохтой холбоотой шийдвэрээ гаргаж, баталгаажуулах учиртай. Улмаар ирэх сарын 21-ний дотор хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрээ гаргаж, 24-ний дотор СЗХ-нд мэдэгдэнэ.
Ингээд гуравдугаар сарын 26-ны дотор хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хувьцаа эзэмшигчдэд зарлаж, 31-ний дотор үнэт цаасны компаниудад хүргэх нь.
Хувьцаа эзэмшигчдийг хуралдуулах тухай энэхүү зарыг дөрөвдүгээр сарын 10-ны дотор дахин олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэх бөгөөд ингэхдээ анхны мэдээлсэн хэлбэр, агуулгыг өөрчлөхгүй.
Ийнхүү зарыг нийтэд мэдээлснээс 15-20 дахь хоногт буюу дөрөвдүгээр сарын 15-ны дотор хуралд оролцох эрх бүхий хувьцаа эзэмшигчдийг бүртгэж, нэрсийн жагсаалт гаргах бөгөөд бүртгэлийн өдрийг ТУЗ хурлын шийдвэрийг гаргахдаа тогтоосон байна. Ингээд Компанийн тухай хуульд заасан хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 30-ны дотор хуралдуулж, шийдвэрийг хурал хуралдсанаас хойш гурав хоногийн дотор СХЗ-нд ирүүлэх юм байна.
Хууль болон журамд нарийвчлан заасан дээрх цаг хугацааг мөрдөж ажиллахыг СЗХ хувьцаат компаниудын ТУЗ-үүдэд анхааруулж байна.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо