Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа худал ташаа мэдээлэлтэй холбогдуулан “Гацуурт” ХХК-иас мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. “Сүүлийн үед тодорхой улстөрчдийн, төрийн, хууль хүчний байгууллагуудын оролцоотойгоор, тэдний захиалгаар хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан зорилготойгоор “Гацуурт” ХХК-ний нэр хүндэд халдсан худал мэдээлэл олон нийтэд тараах боллоо. 2019 оны 1-р сарын 30-ны өдөр 25-р суваг телевиз болон Мал Хамгаалах Сангийн захирал Д.Пүрэвцэрэн нар “Гацуурт” ХХК-ний ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг олон нийтэд тараалаа.
Уг худал мэдээлэлдээ “…Гацуурт ХХК нь улсаас зээлж авсан татвар төлөгчдийн мөнгийг эргүүлэн төлөхгүй гацаажээ, …2011 онд 1 тэрбум, ….2013 онд 1 тэрбум төгрөгийг ХХААХҮЯ-тай гэрээ хийж, татвар төлөгчдийн мөнгөнөөс зээлжээ, …уг зээлээ өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг буцаан төлөөгүй байна” гэжээ. “Гацуурт” ХХК нь ТШ/12/02/01 дугаартай Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас зарласан “Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж үржлийн аж ахуй байгуулах” төсөл сонгон шалгаруултанд оролцон шалгарч 2012 оны 7-р сарын 23-ны өдөр Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамтай №45 тоот “Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж, үржлийн аж ахуй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан.
Гэрээнд гүйцэтгэгчийн эрх, үүргийг 3.1-д “…төсөл сонгон шалгаруулалтаар олгогдох санхүүжилтийг зөвхөн махны чиглэлийн цэвэр үйлдрийн үхэр импортолж худалдан авах үйл ажиллагаанд зарцуулна”, 3.2-т “…махны чиглэлийн үхэр импортлохдоо зөвхөн төсөлд зааж ирүүлсэн үүлдрийн үхрийг зах зээлийн үнээр худалдан авна”, 3.4-т “…цэвэр үүлдрийн үхрийг технологийн дагуу арчлан маллахад шаардагдах хашаа байр, өвс тэжээл, усан хангамж зэрэг нөхцлийг бүрэн бүрдүүлж ажиллана”, 3.7-д “…цаашид үржлийн чиглэлийн цэвэр үүлдрийн өсвөр хээлтүүлэгч, хээлтэгч бойжуулан ХХААХҮЯ-аас өгсөн заавал зөвлөмжийн дагуу тухайн бүс нутагт иргэд, аж ахуйн нэгжүүдийн мал сүргийн чанарыг сайжруулах зорилготой ажиллана” гэж тодорхойлсон байдаг.
2012 оны 9-р сарын 14-ний өдөр захиалагч ХХААХҮЯ-ыг төлөөлж МААБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Б.Мэнджаргал, СТБГ-ын мэргэжилтэн Ү.Алтаншагай, МААБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Я.Алтанцэцэг, МЭҮГБМА-ны дарга Г.Дээшин, ХХААХҮЯ-ны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Золжаргал, МААБХЗГ-ын дарга П.Ганхуяг, мэргэжилтэн Я.Алтангэрэл нар, “Гацуурт” ХХК-нийг төлөөлөн гүйцэтгэх захирал Н.Наранчимэг нар №15 тоот гэрээ дүгнэсэн акт, тэмдэглэл үйлдэж “Гацуурт” ХХК нь 2012 оны 7-р сарын 23-ны өдөр Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамтай №45 тоот “Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж, үржлийн аж ахуй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ” -ний үүргээ бүрэн биелүүлж, уг гэрээ дуусгавар болсон.
2013 оны 12-р сарын 16-ны өдөр “Гацуурт” ХХК болон Хүнс , Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны хооронд байгуулсан ХАГ2013-1220-001 тоот “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Франц улсаас импортолж авсан махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхрийг үржүүлж, хамтран ашиглах гэрээ” байгуулсан хэдий ч уг гэрээний дагуу манай компани улсаас нэг ч төгрөг аваагүй бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор Баянзүрх Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд одоогоор шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байна.
“Гацуурт” ХХК нь татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөгийг хууль бусаар аваагүй, төрөөс 2 тэрбум төгрөг зээлж, эргүүлэн төлөөгүй гэх асуудал худал гүтгэлэг болохыг дахин албан ёсоор мэдэгдэж байгаа бөгөөд шүүхээр хүчин төгөлдөр бус гэрээтэй холбоотой асуудал эцэслэн шийдвэрлэгдсэний дараа уг асуудалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ард иргэддээ хүргэх болно” гэжээ.